Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслүүдтэй холбоотой асуудлаар УИХ-аас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.
Хөгжлийн банкнаас ААН-үүд ХӨНГӨЛӨЛТТЭЙ нөхцлөөр олгогдож байгаа зээлүүдийг авч хэлэлцэж байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш цувралаар зохион байгуулагдаж байгаа энэ сонсголын үеэр хамгийн их нэр дурьдагдаж байгаа хүн бол УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа. Түүний хамаарал бүхий банк, ААН-үүд өнгөрсөн 10 жилийн турш ТӨРИЙН ХАЙР ХАЛАМЖИЙГ хангалттай хүртжээ.
Үүнийг өнөөдөр Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр "Бишрэлт групп бүх юман дээр зээл авдаг гэж гарч ирж байна. Тухайлбал, өнөөдөр Нью Даниста Рөүд энд Констрашн ХХК-ийн зээлийн асуудал яригдаж байна. Эцсийн өмчлөгч нь Капитал банкны захирал. 3,7 тэрбум төгрөг авсан. Энэ зээлийнхээ 1,7 тэрбум төгрөгийг бэлнээр зарлагдсан. Юнико ХХК УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий компани. Эдгээр компаниудын гүйлгээн дээр Бүд Базаргүр гэж хүн гарч ирээд байна. Энэ ямар учиртай хүн бэ" гэсэн асуултад Сонсголд гэрчээр оролцож буй "Капитал банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүүгээс хариулт авлаа.
Т.Дэлгэрхүүгийн зүгээс "Юнико ХХК, Нью Даниста Рөүд энд Констрашн ХХК гэх мэт компаниуд бүгд Капитал компанийн хуучин удирдлагуудтай хамааралтай. Зээл авсан өгснийг харахад дандаа хоорондоо шилжүүлэг хийдэг. Энэ асуудал Эрүүгийн цагдаагийн албанд шалгагдсан. Эдгээр хүмүүс авсан зээлээ шууд ЧЕКЭЭР бэлнээр авчихдаг болохоор зориулалт тогтоогдоггүй. Эдгээр асуудлууд бүгд Эрүүгийн цагдаагийн албаар шалгагдаж Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Хохирлын хэмжээ шинжээчийн дүгнэлтээр хамаагүй багаар орж ирээд шүүхээр шийдвэрлэсэн. Эрх хүлээн авагчийн хувьд давж заалдах шатны шүүхэд хандана. Бүд гэдэг хүний хувьд Ариунболд гэдэг хүнтэй хамтарч бизнес хийдэг байсан. Олон зээлүүд дээр нэр нь байдаг. Зээлүүдийг иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч Эрүүгээр шалгагдаж байгаа учраас түдгэлзүүлчихээд эцэслэн шийдэгдээгүй байна. Бүд Базаргүр гэдэг хүнтэй холбоотой зээлүүд Капитал банкинд байгаа. Монлабел компанийн хувьд Капитал банкныхан хохироосон. Таван тэрбум төгрөгийн зээлтэй гэдэг Капитал нь банк гурван тэрбумыг зээлсэн. Хоёр тэрбум төгрөгийг тухайн үеийн Капитал банкныхан өөрсдөө авчихсан" гэлээ.