Оросын арми ашиглаж байсан Хятадын дроныг украин цэргүүд сөнөөжээ
2023-03-17

Украины цэргийн алба хаагчид Хятадад үйлдвэрлэсэн Mugin-5 дрон Донецк муж дээгүүр нисэж байх үед нь сөнөөжээ. Энэ талаар CNN агентлаг мэдээлсэн байна. 

 

CNN агентлагийн сурвалжлагын үеэр Украины цэргийн алба хаагчид байлдааны дроны хэлтэрхий байгаа газар руу сэтгүүлчдийг дагуулан явжээ. Энэ дроныг өнгөрсөн амралтын өдрөөр цэргүүд АК-47 автоматаар буудан унагасан гэж ярьсан байна. Дрон нам өндөрт нисэж байсан тул автоматаар буудаж унагах боломжтой байсан гэж цэргүүд өгүүлжээ. 

 

Mugin-5 дроныг Хятадын Сямэнь хотод байрладаг компани үйлдвэрлэдэг аж. Энэ дроныг Алибаба, Таобао сайтуудаар 15 мянга хүртэлх доллараар худалдаалдаг тул "Алибабагийн дрон" гэдгээрээ алдартай болжээ. 

 

Mugin Limited компани Украинд сөнөөгдсөн дрон нь өөрсдийнх нь үйлдвэрлэсэн аппарат мөн гэдгийг батлаад болсон хэргийг "харамсалтай үйл явдал" хэмээсэн байна. "Энэ дроныг байлдааны үед ашиглахыг бид дэмжихгүй. Үүнийг таслан зогсоохын тулд боломжит бүхнийг хийнэ" гэж компанийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Өмнө нь энэ компани гуравдугаар сарын хоёрны өдөр мэдэгдэл хийхдээ өөрсдийнх нь бүтээгдэхүүнийг дайны үеэр ашиглаж байгааг буруушаасны дээр дайн эхэлсний дараахан Орос, Украин руу бүтээгдэхүүнээ нийлүүлэхээ больсон хэмээн онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин