МАН-ын бүлэг 50 гаруй хуулийг яаралтай батлах шаардлагатай гэж үзлээ
2023-03-20

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудал хэлэлцжээ. Тус бүлэг эхлээд УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын дарааллыг хэлэлцэж баталсан байна. Үүнтэй холбогдуулан МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралдаанд мэдээлэл хийжээ.  Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хаврын чуулган бол энэ удаагийн УИХ-ын ээлжит тав дахь чуулган. Хаврын чуулганаар олон асуудал хэлэлцэнэ. Энэ дундаас Аялал жуулчлалын тухай хуулийг яаралтай гаргах шаардлагатай гэж үзлээ. Мөн авлигатай тэмцэх хэд хэдэн хуулийг хаврын чуулганы эхэнд батлах нь зүйтэй гэж үзэж байна. Шүгэл үлээгчийн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёсзүйн тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг яаралтай хэлэлцэж батлахаар боллоо.

 

 

Эдийн засгийн чиглэлийн Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтын тухай хуулиас гадна нийгмийн даатгал, боловсрол, эрүүл мэндийн багц хуулиудыг яаравчлах шаардлагатай. Улс төрийн хүрээний УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ хаврын чуулганаар заавал батлах ёстой.

 

Эхний ээлжинд 50 гаруй хуулийг хэлэлцэж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн” талаар мэдээллээ.

 

Үүнээс гадна УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, сонгогчдоос авсан саналыг нэгтгэн, 10 саналыг Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.

 

Иргэдийн саналууд

 

  1. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт

  2. Цалин хөлс, тэтгэвэр,  тэтгэмжийн хүрэлцээ

  3. Бүх зээл эрс багассан асуудал

  4. ХАА-н бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх

  5. 1072 хувьцааны ногдол ашиг олгох

  6. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох

  7. Нийслэлийн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах

  8. Авлига, албан  тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах

  9. Төрийн хэмнэлтийн хуулийн орон нутаг дахь бэрхшээл

  10. Төрийн боловсон хүчнийг бэлтгэх, сургах, нийгмийн бодлогыг хангах чиглэлээр Засгийн газар тодорхой шийдвэр гаргах шаардлагатай гэж үзэв.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Тэтгэвэр тогтоох хугацааг 5 жилийн дундаж болгох асуудлыг яаралтай шийдэцгээ
2023-03-20