
Өнөөдрөөс нэг жилийн өмнөх энэ өдөр буюу хоёрдугаар сарын 26-ныг Египетийн хувьсгал эхэлсэн өдөр хэмээн тооцдог.
Египетийн нийслэл Каирын Тахрирын талбайд цугласан олон мянган хүмүүсийн бухимдал, өөрчлөлт шинэчлэлтийг хүсэн тэмүүлсэн хүслийн давалгаанаас түүчээлсээр Ойрхи Дорнод төдийгүй цэнхэр гаригийг шуугиулсан олон олон хувьсгал мэндэлсэн юм.
Арабын хавар хэмээн нэрлэгдсэн ойрхи дорнод, хойд африкийн цуутай удирдагч, дарангуйлагчдыг сэнтийнээс нь ховх татан унагасан хувьсгал 2011 оны хамгийн гол үйл явдал болсон юм.
Олон арван жилийн турш үзэл суртал, шашин шүтлэгийн хүлээсэнд хэн нэгэн дарангуйлагчийн мутар дор талхилагдсан арабын ард түмнүүд хувьсгалын давалгааг ээлжлүүлсээр өнөөг хүрсэн. Өнөөдрийг хүртэл арабын хувьсгалын үргэлжлэл болох тэмцэл хөдөлгөөн Сири, Йемен зэрэг орнуудад үргэлжилсээр л байна.

Яг жилийн өмнөх энэ өдөр Тахрирын талбайд хуран цугласан олны хүсэл өчигдөрхөн биеллээ олж Египет улсад парламентын сонгуулийн эцсийн шатны дүн гарч армийн удирдлагууд улс орныг тохинуулах эрхийг парламентад шилжүүлэн өглөө. Хувьсгалын гол зорилго биелсэн гэж үзэх эрт байгаа ч ямартай ч египетчүүд өөрсдөө сонгуулиа хийж хүссэн хүмүүсээ төрийнхөө удирдлагад аваачиж буй бололтой.
Одоо тэд 40 жил улс орноо удирдуулсан Хосни Мубаракаа дүүжлүүрийн тавцанд илгээх гэж буй. Өнгөрсөн сард болсон шүүх хурлаас Мубаракыг дүүжлэн хороох ял төлөвлөсөн ч хэргийн баталгаа нотолгоо байхгүй хэмээгдэн ялын тогтоолыг хойшлуулаад буй.
Жилийн өмнө эхэлсэн хувьсгалыг эхэн үедээ Хосни Мубарак цэргийн хүчээр тогтоон барьж байсан ч тэр Каддафи, Башар Ассад биш гэдгээ харуулж өөрийн биеэ тэмцэгчдийн гарт тушаасан. Үүнийх нь төлөө египетчүүд түүнд талархах хэдий ч хувьсгал ялтал Тахрирын талбайд цагдаа цэргийнхний гарт амь үрэгдсэн олон арван египетчүүдийн амийг нэхэх нэхэл шүүхэд ч бүдгэрэхгүй бололтой.
Нэгдүгээр сарын 25 ийнхүү түүхэнд Египетийн хувьсгал дэгдсэн өдөр хэмээн тэмдэглэгдэн үлдэж нэг жилийн ойтойгоо золгож байна.

О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ