Америк эр дахин амилахын тулд гэр бүлийн хамт цогцсоо хөлдөөлгөхөөр гэрээсэлжээ
2023-03-24

АНУ-ын Мичиган дахь Крионикийн хүрээлэнгийн тэргүүн, 54 настай Деннис Ковальски өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ нас барсны дараа хөлдөөлгөхөөр шийджээ. Энэ талаар  Business Insider мэдээлсэн байна.

 

Деннси Ковальски хүүхэд байхдаа, 1970-аад онд телевизийн нэвтрүүлгээс крионикийн талаар анх сонсож байжээ. Тэр үеэс хойш хүний амьдралыг уртасгахын тулдд энэ шинжлэх ухаан ирээдүйтэй гэдгийг батлах мөрөөдөлтэй болсон байна. Крионик гэдэг нь ирээдүйд амилуулах боломжтой гэдэгт найдан хүнийг нас барсны дараа цогцосыг нь шингэн азотод хийн маш бага температурт хадгалахыг хэлдэг юм. 

 

Зуун жилийн өмнө үхэшгүй мөнх амьдрах гэдэг нь технологийн хөгжлөөс хамаараад боломжгүйд тооцогддог байсан, хүний зүрх зогсвол хүн үхдэг байлаа, харин анагаах ухаан хөгжихийн хэрээр зүрх уушгины сэхээн амьдруулах эсвэл гараар хийх аргуудын тусламжтайгаар зүрхний ажиллагааг сэргээх боломжтой гэдэг нь тогтоогдсон гэж Ковальски өгүүлжээ.

 

Тиймээс өнөөдөр боломжгүй санагдаж байгаа дахин амилах тухай ойлголт ирээдүйд боломжтой, энгийн арга болохыг үгүйсгэхгүй гэж тэрбээр үзэж байгаа аж. Ковальски 10 гаруй жилийн өмнө Крионикийн хүрээлэнгийн ерөнхийлөгчөөр томилогдсон, тэр үеэс хойш бүхий л цагаа энэ шинжлэх ухаанд зориулж байгаа гэнэ. 

 

Ковальскийн эхнэр болон гурван хүүхэд нь ч нас барсныхаа дараа цогцосоо хөлдөөлгөхөөр шийдсэн гэнэ. Тэд бүгд Крионикийн хүрээлэнд өргөдөл гаргаж, цогцосоо хадгалуулахын тулд 28 мянган доллар төлөх шаардлагатай болжээ. Тэд Ковальскийн адилаар ирээдүйд амилж чадна гэж итгэж байгаа аж.

 

Ийнхүү цогцосоо хөлдөөлгөн хадгалуулахаар болсон нь үхлээс айсан айдас биш харин амьдралд хайртайн илэрхийлэл, түүнчлэн 20, 50 эсвэл 100 жилийн дараа дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдсөнийг харах багахан ч гэсэн боломж бий гэдэгт найдсантай холбоотой гэж Ковальски өгүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин