АНУ-ын сургуульд халдлага үйлдэж, зургаан хүн амиа алджээ
2023-03-28

Даваа гарагт Америкийн Теннесси мужийн нийслэл Нэшвилл хотод байх Христийн сургуульд зэвсэгт этгээд гал нээсний улмаас зургаан хүн амиа алдсан талаар NBC, Reuters зэрэг хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Эх сурвалжуудын мэдээлснээр, халдлага үйлдсэн этгээд нь 28 настай трансжендер эмэгтэй байсан бөгөөд түүнийг цагдаагийнхан буудсан байна. Гэмт этгээдийн гарт насанд хүрсэн гурван хүн, гурван хүүхэд амиа алджээ. 

 

Цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр, халдлагын улмаас сургуулийн ажилтан гурван хүн, гурван сурагч амиа алдсан, сурагчид есөн настай байсан аж. Энэ халдлагын үеэр цагдаагийн нэг алба хаагч шархаджээ. Халдлага үйлдсэн этгээд нь Одри Хейл гэх эмэгтэй байсан бөгөөд хоёр автомат, нэг гар буугаар зэвсэглэсэн байсан гэнэ. Түүний хэрэг үйлдэх болсон сэдлийн талаар тодорхойгүй байна. Халдлага болсон Нэшвиллийн сургууль нь хүүхдүүд зургадугаар анги хүртлээ суралцдаг, христийн бага сургууль аж. Энд 200 орчим сурагч суралцдаг аж. 

 

Нэшвилл хотын сургуульд болсон энэ халдлага сүүлийн нэг жилд сургуульд халдлага үйлдсэн 13 дахь тохиолдол болж байна. Өнгөрсөн сард гэхэд л Мичиган мужийн их сургуульд халдлага үйлдсэний улмаас гурван хүн амиа алдаж, таван хүн шархадсан юм. Энэ хэргийг үйлдсэн этгээл амиа хорлосон. Үүнээс өмнө, 2022 оны тавдугаар сарын 27-ны өдөр Техас мужийн Ювалд хотын сургуульд халдлага үйлдсэний улмаас 19 сурагч, хоёр багш амиа алдсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин