Туркэд газар хөдлөлтөөс хойш 49 хоногийн дараа нурангин дороос муурыг аварчээ
2023-03-30

Туркэд хоёрдугаар сарын зургааны өдөр хүчтэй газар хөдлөлт болж, олон хот суурин сүйрч, 50 мянга гаруй хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн үед олон хоногийн дараа хүмүүсийг нурангин дороос эсэн мэнд гаргасан ховор тохиолдлууд гарч байв. Хоёр сар өнгөрсний дараа нурангин дороос амьд амьтан олох ямар ч боломжгүй гэж тооцогдож байгаа энэ үед муур аварсан тохиолдол гарчээ. 

 

Анадолу агентлагийн мэдээлснээр, газар хөдлөлт болсноос 49 хоногийн дараа нурангин дороос муур аварчээ. Байгалийн гамшгийн улмаас бараг бүрэн сүйрсэн Кахраманмараш хотын нурангин дороос муурыг олсон байна. Муурыг Хан гэх бөгөөд хүмүүс гал тогоонд хэрэглэх эд зүйл хайж яваад муурыг олжээ. Малын эмчид түүнийг үзэхэд харангадсан, савар нь хугарсан байсан гэнэ.

 

Муурны эзэн Нида Дина эхний газар хөдлөлтийн дараа гэрээсээ явсан, тухайн үед муураа олоогүй байна. Хоёр дахь газар хөдлөлтийн үеэр тэдний амьдарч байсан 11 давхар байр бүрэн нуржээ. Тэр үеэс хойш Нида Дина машиндаа амьдарч, муураа хайсаар байсан гэнэ. Улмаар газар хөдлөлтөөс хойш 49 хоногийн дараа муураа эсэн мэнд олж чаджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин