COACHELLA 2023: Наадмын 6 тайзны бүх тоглолтыг YouTube-ээр шууд дамжуулна
Хойд Америкийн хамгийн том хөгжмийн болон урлагийн наадам болох Coachella-гаар дэлхий нийт ойрын өдрүүдэд амьсгалж байна. Тус наадамд тоглож буй уран бүтээлчид, очиж сонирхож буй үзэгчид, алдартнууд бүгд л дэлхий нийтийн харааг булаасаар ирсэн билээ.
Энэ жил “YouTube” платформ “Coachella” наадмын зургаан тайзны бүх тоглолтыг шууд дамжуулахаар болсон байна. Өмнө нь тус компани энэхүү наадмын гурван тайзны тоглолтыг дамжуулж байсан бол энэ удаад дамжуулалтынхаа хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэхээр болжээ. Тэрбээр "Youtube"-ийн зүгээс зохион байгуулагчидтай дөрвөн жилийн гэрээ байгуулж, наадмын шууд дамжуулалтыг 2026 он хүртэл сунгасан байна.
“Coachella” хөгжмийн наадмын тасалбар доод тал нь 549 ам.долларын үнэтэй худалдаалагддаг.
Энэ удаагийн наадмын онцлох зүйлээр БНСУ-ын охидын хамтлагуудаас анх удаа BLAСKPINK эхний өдрүүдэд дуулах юм. Мөн энэ жил анх удаа испани хэлтэй, латин дуучин, рэппер Bad Bunny тоглолтыг эхлүүлэх гэж байгааг хэвлэлүүд мэдээллэсэн билээ.
2020 онд дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас уг фестивал цуцлагдсан ч энэ жил цоо шинэ өнгө төрх, гайхалтай үзүүлбэрүүдээр дахин эргэн ирэх гэж байна. 2001 оны дөрөвдүгээр сараас жил бүр зохион байгуулах болсон бөгөөд оролцдог алдартнууд, хоол, орчин зэргээрээ олны анхаарлыг татдаг хамгийн алдартай хөгжмийн фестивалиудын нэг болсон билээ.
“Coachella” наадмын эхний хэсэг дөрөвдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд, харин дараагийнх нь 21-23-ны өдрүүдэд зохиогдох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ