Футзалын цомын тэмцээнүүд үргэлжилсээр
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор футзалын Улаанбаатар хотын тэмцээнүүд Монголын Хөлбөмбөгийн Холбооны Футзалын ордонд хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа.
U-13 хүртэл насны B хэсгийн тоглолтыг нээж, Хан-Уул дүүргийн шигшээ баг Чингэлтэй дүүргийн шигшээ багтай тоглосон байна. Чингэлтэй дүүргийн шигшээ баг гайхалтай тоглолтыг үзүүлсээр 9:5 харьцаатайгаар анхны хожлоо авлаа. Тэдний энэ хожилд багийн дасгалжуулагч Нанжидын барьсан тактикийн тоглолт тун чухал үүрэгтэй байлаа. Нөгөө учраа Арвис клуб Соёмбын барсуудтай хүч үзлээ. Тайван цагт хөлс их гаргана байлдааны цагт цус бага гарна гэсэн зүйр үгийн дагуу олон сарын бэлтгэлтэй Арвисийн хүүхдүүдэд дөнгөж нийлсэн Соёмбын барсууд хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадахгүй байсаар 9:0-ийн харьцаатайгаар бут ниргүүллээ.
В хэсгийн U-15 насны ангилалд Хаан хүнс Титэм баг, Шинэ Яармаг учраа таарлаа. Энэхүү тоглолтод Хаан хүнс Титэм баг бүх талаараа илүү байж 16:2-ийн харьцаатайгаар ялалтыг авч чадлаа. Шинэ Яармаг клуб багийн дасгалжуулалт тал дээр цаашид анхаарч ажиллахгүй бол болохгүй гэдгээ сайтар мэдэрсэн тоглолт болсон байна. Нөгөө хос тоглолт Хан-Уул дүүргийн баг “Эрчим” клубын залуу халаатай хүч үзэн 11:2-ийн харьцаатайгаар ялснаар амаргүй өрсөлдөгч нар шүү гэдгээ харууллаа. Тэдний энэ амжилтад олон жил хөлбөмбөгийн төлөө хөлсөө урсгаж байгаа ахмад багш Болд багштай салшгүй холбоотой.
U-17 насны В хэсгийн тоглолт Бат-Очир эзэнтэй Хасын Хүлэгүүд баг Улаанбаатарын Мазаалайнууд клубтэй хүч үзсэнээр үргэлжилсэн байна. Хүлэгүүд хүчтэй байж 9:2-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авсан бол нөгөө хос тоглолт Чингэлтэй дүүргийн баг Хаан хүнс Титэм багтай хүч үзлээ. Мөнхбат дасгалжуулагчтай Хаан хүнс Титэм баг, Нанжид дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн багтай хүч үзсэн байна. Энэ удаа Хаан хүнс Титэм баг аамжилттай тоглосоор 8:3-ийн харьцаатайгаар буулган авлаа.
Харин мэргэжлийн багууд буюу Лигийн багуудын өрсөлдөөн Улаанбаатарын мазаалайнууд клуб Улаанбаатар Дээд Сургуулийн багтай тоглолоо. Тоглолтын дүн 6:4 харьцаатайгаар Улаанбаатар Дээд Сургуульд ялалт ирлээ. Энэхүү тоглолтын нэг онцлог бол орсон 10 гоолыг 10 тамирчин хийсэн үзүүлэлт гарчээ.
Маргааш буюу 2012/01/25-ны Лхагва гаригт U-13, U-15, U-17 насны ангиллын С хэсгийн тоглолтууд явагдах бол Лигийн багуудын өрсөлдөөн 16.00 цагаас Хасын Хүлэгүүд баг, МХБХ-ны 2011 оны “Шилдэг баг” “Эрчим” багтай хүч үзсэнээр үргэлжилнэ.
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
СЭТГЭГДЭЛ БИЧИХ