Дональд Трампыг хүчирхийллийн хэрэгт буруутгажээ
2023-04-26

Порно жүжигчинд мөнгө төлсөн хэргээр шүүхийн хаалга татсан, АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп дахин нэг хэрэгт нэр холбогджээ. Энэ удаад түүнийг хүчирхийллийн хэрэгт буруутгасан иргэний нэхэмжлэлийг хянан хэлэлцэх ажиллагаа Нью-Йорк хотноо эхэлсэн талаар NBC мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, сэтгүүлч эмэгтэй Э.Жин Кэрроллын нэхэмжлэлээр хэрэг үүсгэжээ. Тэрбээр 1990-ээд онд түүнийг дэлгүүрийн хувцас солих өрөөнд Трамп хүчирхийлсэн хэмээн өргөдөлдөө бичсэн байна. 

 

Сэтгүүлч бүсгүй Кэроллын өгүүлснээр 1995 оны сүүлээр эсвэл 1996 оны эхэн хавьцаа тэрбээр Трампын хүчирхийлэлд өртсөн гэнэ. Тухайн үед Манхэттений Bergford Goodman дэлгүүрт Кэролл Трамптай таарсан бөгөөд Трамп түүнийг хүнд бэлэглэх эмэгтэөй дотуур хувцас сонгоход нь туслан хамт явахыг гуйсан аж. Тэд хувцас солих өрөөнд дотуур хувцас үзэж сонирхож, хоёулахнаа үлдсэн үед Трамп Кэроллыг хананд шахан хүчиндэж, дараа нь бүсгүй зугтсан гэнэ. 

 

Үүний дараа Кэрролл 2019 онд хэвлэгдсэн дурсамж номондоо Трампыг буруутган дээрх үйл явдлын талаар бичсэн байна. Трамп үүнийг эрс няцааж, Elle сэтгүүлийн тоймч байсан Кэрроллыг огт танихгүй хэмээн мэдэгджээ. Мөн Кэрролл номын борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд хүчиндүүлсэн гэж худал түүх зохиосон хэмээн Трамп мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин