Эрдоган биеийн байдлын улмаас төлөвлөсөн ажлуудаа цуцалжээ
2023-04-27

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эрүүл мэндийн шалтгаанаар төлөвлөсөн арга хэмжээнүүдээ цуцалжээ. Энэ талаар Эрдоган Твиттер хуудсандаа бичсэн байна. 

 

Тэрбээр мягмар гарагт шууд нэвтрүүлэгт оролцох үеэр бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Ингээд эмч нар түүнийг ажлаас түр чөлөө авахыг зөвлөсөн тул төлөвлөсөн арга хэмжээнүүдэд оролцохоо цуцалж, Эрдоганыг Туркийн дэд Ерөнхийлөгч Фуат Октай орлохоор болжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 25-ны үдэш Эрдоган Туркийн нэгэн телевизийн шууд ярилцлагад орох үеэрээ бие нь муудсан байна. Улмаар шууд дамжуулалтыг түр зогсоосон бөгөөд хэсэг хугацааны дараа ярилцлагыг дахин дамжуулахад Эрдоган үзэгчдээс уучлалт гуйж, ханиад туссан мөн сонгуулийн өмнөх кампанит ажлаас болж хэт их ачаалалтай ажилласны улмаас бие нь хямарсан гэж тайлбарлажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин