Байденыг авлига авсанд буруутгав
2023-05-04

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим Жо Байден авлига авсан байж болзошгүй хэмээн сэжиглэж, Холбооны мөрдөх товчооноос холбогдох мэдээлэл өгөхийг хүсчээ. Энэ талаар NBC агентлаг мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бүгд найрамдах намынхан Байденыг дэд ерөнхийлөгч байхдаа гадаадын этгээдүүд бүхий авлигын схемд оролцсон гэж сэжиглэж байгаа аж. Улмаар сенатч Чарльз Грэссли болон конгрессын гишүүн Жеймс Комер нар холбогдох хүсэлтийг АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд, Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Рэй нарт гаргажээ.

 

"Америкийн ард түмэнд мэдээлээгүй, үнэтэй, шалгах шаардлагатай мэдээлэл Хуульзүйн яам болон Холбооны мөрдөх товчоонд байгаа нь илт" хэмээн бүгд найрамдахчуудын хүсэлтэд өгүүлсэн байна. Түүнчлэн, прокурорын газар болон Холбооны мөрдөх товчооноос ангид, хараат бус мөрдөн шалгалт явуулахаар төлөвлөж байгаагаа илэрхийлжээ.

 

Улс төрчдийн мэдэгдсэнээр, Байден улс төрийн шийдвэр гаргахын тулд мөнгө өгсөн, гадаадын иргэн бүхий гэмт хэргийн схемд оролцсон гэсэн мэдээлэл тэдэнд байгаа гэнэ. Энэ нь Байден дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед болсон явдал аж.  Байден 2009-2017 оны хооронд АНУ-ын Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин