Ч.Уртнасан: Гахай, шувууны томуугаас урьдчилан сэргийлэх эм тариа вакцин хангалттай бий

img

ХӨСҮТ-ийн сургалт, хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас Азийн зарим орнуудад  дэгдээд байгаа шувууны томуугийн  халдвар болон манай улсад ханиад томууны дэгдэлт хэр байгааг тодрууллаа. -Өнөөдрийн байдлаар  дэлхийн улс орнуудад  ямар халдварт өвчин зонхилон бүртгэгдэж байна вэ - Халдварт саа буюу WPV1-127, WPV3-3 тохиолдол зонхилж байна. Тухайлбал  Афганистанд өнгөрсөн долоо хоногт халдварт саагийн гурван шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2011 онд нийт 74 тохиолдол бүртгэгдэж байсан. Энэтхэгт энэ сарын 13-ны өдөр цочмог сул саажилтын нэг тохиолдол,  Нигерит энэ долоо хоногт нэг тохиолдол мэдээлэгдсэн ба 2011 онд нийт 51 тохиолдол бүртгэгдсэний ихэнх тохиолдол нь WPV1 хэв шинж байна. Пакистанд энэ долоо хоногт цочмог сул саажилтын найман шинэ тохиолдол бүртгэгдсэн бол 2011 онд  нийт 189 тохиолдол бүртгэгдсэний ихэнх тохиолдол нь WPV1 хэв шинж байна. Төв Африкт 2011 онд WPV1 хэв шинжийн дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Хятадад  энэ төрлийн халдварт өвчнөөр өвчилсөн тохиолдол бүртгэгдээгүй. -Шувууны томуу өвчний тархалт, амь насаа алдсан тохиолдол бүртгэгдсэн үү? -Египет улсад шувууны томуугийн А/Н5N1/ вирүсын халдварын хүний өвчлөлийн тохиолдол  бүртгэгдэж, 42 настай эрэгтэй, нас баржээ.  Мөн энэ сарын 11-ний өдрийн мэдээллээр Индонез улсад 23 настай эрэгтэй, таван настай хүү шувууны томуугийн халдвараар нас барсан.  Тус улсад 2006 оноос хойш 184 тохиолдол бүртгэгдсэнээс 152 (83 хувь) нь нас барсан байна. Хятад улсын баруун өмнөд хэсгийн мужид өндөр хоруу чанартай шувууны томуугийн Н5N1 вирусын халдвараар 39 настай эрэгтэй халдвараар нас барсан. Тус улсад 2006 оноос хойш нийт 159 тохиолдол батлагдсанаас 35 хувь нь нас барсан байна.   Вьетнам улсад шувууны томуугийн A(H5N1)вирусын халдвараар 18 настай, эрэгтэй энэ сарын 10-ны өдөр өвчилж, 16-ны өдөр нас барсан байна. Шувууны томуугаар өвчилсөн дээрх тохиолдлууд бүгд өвчилсөн шувуунаас халдвар авсан болохыг  шинжилгээгээр нотолсон. -Хүйтэн сэрүүний улиралд томуугийн  өвчлөл нэмэгддэг. Энэ жил ч хэвээрээ байна уу -Дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт томуугийн идэвхжил нэмэгдэн Канад, Испани, Турк, хойд Африк, Иран зэрэг улс оронд томуугийн А/Н3N2/ вирүсийн хэвшинж давамгайлж, А/Н1N1/ цөөн тоогоор бүртгэгдэж байна. Халуун орны бүс нутагт томуугийн идэвхижил бага байна. Коста Рика улсад томуугийн А/Н3N2/ вирүсийн халдварын цөөн тохиолдол бүртгэгдсэн байна., Чили улсад томуугийн В вирүс, А/Н3N2/вирүсийн халдвар бүртгэгдсэн байна. Хонконг улсад томуугийн В вирүсийн халдвараар 2 настай, эрэгтэй хүүхэд хүнд өвчилсөн ба нэгдүгээр сарын 7-ны өдөр хэвлийгээр өвдөх, өндөр халуурах, татах шинж тэмдэг илэрч, энцефалитаар хүндэрсэн байна. Хамар залгиурын арчдасын шинжилгээгээр томуугийн В вирүс илэрсэн байна. Халдварын судалгаагаар хүүхэд аль нэг тийшээ зорчоогүй, гэрт нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэгтэй хүн байхгүй байна. - Харин манайд байдал ямар байгаа вэ? -Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт  есөн төрлийн хадварт өвчний 237 тохиолдол бүртгэгдсэнээс, вирүст гепатит 101, цусан суулга 18, гахайн хавдар 66 бүртгэгдсэн. Улсын хэмжээнд 155085  хүн амбулаториор үйлчлүүлсний 12025 буюу  7.8 хувь нь  томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсан. Харин УБ хотод 73490 хүн амбулаториор үйлчлүүлсний 5661 нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсоны 84.1 хувийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.  Үүний 58.2 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдийн өвчлөл зонхилж байна. Томуугаар өвчилсөн дээрх тохиолдлуудаас сорьцын шинжилгээ хийхэд В хэв шинжийн вирүс илэрсэн.  Өмнөх долоо хоногт Сонгинохайрхан дүүргээс мөн В вирүсийн хоёр тохиолдол илэрч байсан.  Томуугийн  В хэв шинжийн вирүс илэрч байгаатай холбогдуулан аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт ТТӨ-ний тандалтыг эрчимжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм тариа, сорьцын материалыг бэлэн байлгах, эмнэлгийн ор, хүний нөөцийг бэлдэх, иргэдийг мэдээлэлээр хангахыг үүрэг болгоод байгаа. Харин халдварт шар буюу Вирүст гепатитын  101 өвчлөлийн 62 нь хүүхдийн байгууллагад бүртгэгдсэн,   урьдчилан сэргийлэх вакцины хамралт улсын хэмжээнд 98,0 -тай явагдаж дуусаж байна. -Азийн төдийгүй дэлхийн улс орнуудад шувууны томуугийн дэгдэлт нэмэгдэхийг үгүйсгэхгүй.   Манай улсын хувьд урьдчилан сэргийлэх, зайлшгүй тохиолдолд авах арга хэмжээ, эм тариа вакцины нөөц хэр байгаа вэ? - Иргэд гадаадын улс орнуудад зорчих нь хэвийн үзэгдэл болсон энэ цаг үед аливаа эрсдлээс өөрийгөө хамгаалах нь түүний үүрэг. Нөгөө талаар гадаадад зорчих, аялахдаа шувууны гаралтай хоол хүнснээс зайлсхийхэд гэмгүй.  Улсын хэмжээнд шувууны томуу болон гахайн томуунаас урьдчилан сэргийлэх болон эм тариа вакцин зэргийн нөөц  хангалттай бий.  Гэхдээ  яг одоо улирлын томуугийн дэгдэлтийн үе тул шинжилгээгээр  ямар төрлийн вирусээр халдварласаныг тогтоох боломжтой. Н.Дэлгэр  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ