Лула да Силва: Зеленский уулзалтад ирсэнгүй
2023-05-22

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский G7-ийн дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцсон. Энэ уулзалтын үеэр тэрбээр Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силвитай уулзахаар байсан ч ирээгүй гэнэ. Ноён Зеленский "насанд хүрсэн хүн тул юу хийж байгаагаа мэдэж байгаа" хэмээн Лула да Силва мэдэгджээ. 

 

"Украинтай хоёр талт уулзалт хийхээр товлосон. Бид хүлээж байх зуураа тэднийг саатаж байгаа тухай мэдээлэл авсан юм. Тэр үеэр би Вьетнамын Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзсан. Вьетнамын Ерөнхийлөгч явсны дараа ч Украины Ерөнхийлөгч ирээгүй. Тэр өөр уулзалттай байсан" гэж Лула да Силва хэвлэлийнхэнд мэдээлжээ.

 

Зеленский уулзалтдаа ирээгүйгээс болж урам хугарсан эсэх талаар сэтгүүлчид асуухад тэрбээр дараах хариултыг өгсөн байна. 

 

"Миний урам хугараагүй, гэхдээ түүнтэй энэ асуудлыг хэлэлцэхээр уулзахыг хүссэн тул сэтгэл дундуур л байна. Зеленский насанд хүрсэн хүн, юу хийж байгаагаа мэдэж байгаа" хэмээн Бразилын ерөнхийлөгч мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Хирошима хотноо G7-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт болж өнгөрсөн юм. Энэ уулзалтад G7-ийн орнуудын төрийн тэргүүнээс гадна Зеленский, Лула да Силва нар ч оролцсон. Украины Ерөнхийлөгч Бразилын Ерөнхийлөгчтэй уулзах санал тавьсан ч Лула да Силва хариу өгөөгүй гэж Блүмберг мэдээлж байлаа. Харин Financial Times сонины мэдээлснээр, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Зеленскийтэй уулзахыг Лула да Силвагаас хүсэж, улмаар Бразилын Ерөнхийлөгч зөвшөөрсөн аж. Ингээд Бразилын тал хэлэлцээрт бэлтгэсэн ч хуваарь зөрсөн учраас уулзалт болоогүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин