FT: Белгородод халдлага үйлдсэн дайчид Америкийн техникийг ашигласан
2023-05-25

Тавдугаар сарын 22-ны өдөр Белгород мужийн нутаг дэвсгэрт орж, Оросын хүчинтэй тулалдсан цэрэгжсэн бүлэглэлүүд Америкт үйлдвэрлэсэн цэргийн машинуудыг ашиглажээ. Энэ нь Украинд байрлалтай Оросын экстремист бүлэглэлүүдийг Киев дэмжиж байх магадлалтайг харуулж байна гэж Financial Times сонин мэдээлсэн байна. 

 

Украины талд байлддаг оросуудаас ихэвчлэн бүрдсэн "Оросын эрх чөлөө" болон "Оросын сайн дурын корпус" гэсэн бүлэглэлүүд Белгородод үйлдсэн халдлагын хариуцлагыг өөр дээрээ хүлээсэн юм. Тэд өөрсдийн сайт дээрээ "Украины Зэвсэгт хүчинтэй хамтран ажиллаж, Украины командлалын удирдлага дор " байлдаж байгаа хэмээсэн байв.

 

Эдгээр бүлэглэлүүд хичнээн хүний бүрэлдэхүүнтэй нь тодорхойгүй. Тэд ажиллагаагаа "энхийг сахиулах" хэмээн нэрлэж, "Орос, Украины хооронд цэрэггүй бүс байгуулах" зорилготой хэмээж байгаа юм.

 

Энэ хоёр бүлэглэл хоёулаа телеграм дахь суваг дээрээ Белгород муж руу халдсан үйлдлээ гэрчилсэн гэрэл зураг, дүрс бичлэгийг байршуулж байв. Нэг дүрс бичлэг дээр Украины Зэвсэгт хүчин ашигладаг ялгах тэмдэг бүхий АНУ-д үйлдвэрлэгдсэн хэд хэдэн хуягт машин харагдах аж. Өөр нэг бичлэг дээр ийм машинуудаар Оросын хилчид рүү буудаж байгаа нь дүрслэгджээ. Financial Times сонин эдгээр гэрэл зураг, дүрс бичлэгүүдийг судлаад, зарим зургуудыг Оросын нутаг дэвсгэр дээр авсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

 

Оросын телеграм сувгуудаар ч Америкийн MaxxPro  хуягт тээвэрлэгчийн зургууд гарч байлаа. Эдгээр зургийг тайлбарлахдаа, Оросын цэргүүд олзолсон техникүүд хэмээж байв.

 

Financial Times сонины онцолсноор, АНУ эдгээр машинуудыг цэргийн тусламжийн хүрээнд Украинд шилжүүлсэн аж. Ийм цэргийн тусламж үзүүлэхдээ эдгээр техникийг Оросын нутагт ашиглахыг дэмжихгүй гэж Америкийн эрх баригчид удаа дараа онцолж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Ээлжит зохиол, суртал ухуулга.
2023-05-25