Ирэх жилийн сонгуулийн үр дүнгээр бүрдэх парламент нэр цэвэр улстөрчдөөс бүрдэх гэнэ. Улс төрийн намууд нэр, гар цэвэр хүмүүсээ сонгуульд нэр дэвшүүлэхээ хэдийнэ яриад эхэлсэн.
Эрх баригч МАН-ын Ерөнхий бичгийн дарга Д.Амарбаясгалан “Нэр цэвэр, хандлага, ёс суртахууны хувьд бусдад үлгэр дууриал болж чадахуйц, ард иргэдээ төлөөлж чаддаг парламентыг бий болгохын төлөө хичээнэ” гэж мэдэгдэв.
ХҮН-ын дарга Т.Доржханд ч “ХҮН-ын хувьд манайх листэнд хамгийн нэр цэвэр хамгийн их санал авах улстөрчдийг оруулна. Бусад улстөрийн намууд ч зөв үзэл бодолтой, эрүүл саруул улстөрчдөө жагсааж оруулах байх. Нүүрс, Хөгжлийн банкны хулгайд холбогдсон хүмүүс листэнд орсон бол тэр мэдээллийг бид иргэддээ өгөөд явна" гэсэн байр суурийг илэрхийлээд буй.
Уг нь ард түмэн үүнийг л хүсэж байгаа. Төрийн сангаас, байгалийн баялгаас, ард иргэдийн боломжоос хулгай хийгээгүй нэр, гар нь цэвэр хүмүүсийг хууль тогтоох дээд байгууллагадаа сонгож, өөрийгөө төлөөлүүлэхийг хүсдэг. Гэхдээ ийм хүнийг парламентын гаднаас л олох боломжтой.
Одоогийн парламентад нэр цэвэр хүн байхгүй. Хэрвээ улс төрийн намууд үнэхээр нэр, гар цэвэр хүнээ нэр дэвшүүлэх бол энэ парламентаас лав дахин нэр дэвших хүн олдохгүй. Бүгд төрийг хумслагчид, иргэдийн боломжийг хулгайлагчид. Тэд нэр цэвэр гэсэн шалгуурт тэнцэхгүй.
Улс төрийн намууд хэлсэндээ хүрч, нэр цэвэр хүмүүсээ нэр дэвшүүлвэл ирэх жилийн сонгуульд гаднаас шинэ хүмүүс нэр дэвших нь. Өөрөөр хэлбэл, танил бус дүр төрх, нэрүүд. Мэдээж, өндөр боловсролтой, юм үзэж, нүд тайлсан байх шаардлагатай. Өсөхийн өлөнг үзээгүй үеийнх бол бүр тааламжтай байх нь тодорхой.
Гэхдээ нэр цэвэр хэмээн тодотгосон хүмүүс нь одоогийнхоор 76 байх уу эсвэл 126 болон нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байна. УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, ард иргэдийн шүүлтэд очсон ч босго давахгүй нь тодорхой болоод байна.
УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, гишүүдийн тоог 126 болгох УИХ-ын гишүүдийн уулзалтад иргэд оролцохгүй, очсон хэд нь эсэргүүцэж, улалзуулж байна. Үнэндээ ямар нүүрээрээ дахин дахин очих билээ дээ.
Б.Хэрлэн