БНХАУ дотооддоо үйлдвэрлэсэн анхны зорчигч тээврийн онгоцоо ашиглаж эхлэв
2023-05-29

БНХАУ дотооддоо үйлдвэрлэсэн анхны зорчигч тээврийн онгоцоо нислэгт ашиглаж эхэлсэн талаар South China Morning Post сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ням гарагт China Eastern Airlines агаарын тээврийн компанийн С919 онгоц Шанхай-Бээжин чиглэлд нислэг үйлдсэн байна. Энэ онгоцыг Хятадын СОМАС онгоцны үйлдвэрт бүтээжээ. Улмаар 2022 оны 12 дугаар сард энэ онгоцыг China Eastern  компани худалдан авсан байна.

 

Хоёр моторт энэ онгоц эконом болон бизнес ангилалд нийт 164 зорчигч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 5500 км зайд нислэг үйлдэх боломжтой аж. 2022 оны сүүлээр гарсан мэдээллээр, СОМАС үйлдвэр 32 компаниас ийм онгоц 1035-ыг авах захиалга хүлээн авчээ.

 

Хэдийгээр энэ онгоцны ихэнх эд ангийг Хятадад үйлдвэрлэж байгаа ч барууны технологиос ч хамаарч байгаа гэнэ. Учир нь хөдөлгүүр болон авионикийг импортоор авч байгаа бөгөөд Leap-1C хөдөлгүүрийг Франц, Америкийн хамтарсан CFM International компани үйлдвэрлэдэг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин