Их Британи хиймэл оюун ухааны аюулын сэдвээр дээд хэмжээний уулзалт хийнэ
2023-06-08

Хурдацтай хөгжиж буй хиймэл оюун ухааны технологиос үүсэх болзошгүй аюул заналын сэдвээр энэ намар анхны дэлхийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар Их Британи төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Их Британийн Ерөнхий сайдын захиргаа мэдэгджээ. 

 

"Дээд хэмжээний уулзалтад гол улс орон болон зах зээл дээр тэргүүлэгч технологийн компаниудын төлөөллүүд оролцон, хиймэл оюун ухаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлүүдийг үнэлж, дүгнэн, аюулгүй байдлын арга хэмжээг хэлэлцэнэ" гэж Их Британийн Ерөнхий сайдын захиргаа мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн, ирэх сард Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд "олон улсын аюулгүй байдал, энх тайвны салбарт хиймэл оюун ухаанаас үүдэлтэй боломж, аюул занал" сэдвээр хурал зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

 

"Манай улс хиймэл оюун ухааны салбарт дэлхийд тэргүүлэгч орон. Тиймээс бид энэ сэдвээр яриа хэлэлцээ эхлүүлэх нь зүйтэй" гэж өдгөө АНУ-д айлчилж буй Сунак мэдэгджээ. Тэрбээр өнөөдөр буюу зургадугаар сарын наймны өдөр Америкийн Ерөнхийлөгч Жо Байдентай уулзан, олон асуудал хэлэлцэхийн дотор хиймэл оюун ухаантай холбоотой асуудлыг ч хөндөх аж. 

 

Ирэх намар зохион байгуулахаар төлөвлөж буй дээд хэмжээний уулзалтад ямар орны төрийн тэргүүнүүдэд урилга илгээх тухай асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа гэнэ. Мөн Лондонд Олон улсын цөмийн энергийн агентлагийн жишгээр хиймэл оюун ухааны салбарын анхны олон улсын зохицуулагч байгууллагын төв штабыг байгуулах эрмэлзэлтэй байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин