Трампыг шүүх танхимаас барьцаагүйгээр суллажээ
2023-06-14

Мягмар гарагт Дональд Трампыг шүүх хурал боллоо. Түүнийг үндэсний аюулгүй байдалтай холбоотой баримт бичгүүдийг хууль бусаар хадгалсан гэж буруутгасанн талаар DW мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, зургадугаар сарын 13-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Майами хотод холбооны шүүхийн өмнө зогсжээ. Түүнийг албан тушаалаасаа буусныхаа дараа үндэсний аюулгүй байдалтай холбоотой  баримт бичгүүдийг хадгалсан, баримт бичгүүдийг эргүүлэн авах гэсэн албаны этгээдүүдэд худал хэлсэн гэж буруутгасан байна. Харин шүүх хурлын дараа түүнийг ямар нэг барьцаа, хөдөлгөөний хязгаарлалтгүйгээр шүүх танхимаас суллажээ. 

 

Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Трампыг 37 зүйл ангиар буруутгаж байгаа аж. Тэр дундаа 2021 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусныхаа дараа нууц баримт бичгүүдийг Үндэсний архивт шилжүүлээгүй хэрэгтэй холбоотойгоор Тагнуулын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн хэмээн буруутгаж байгаа гэнэ. Шүүх хурлын үеэр Трамп өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсэн байна.

 

Энэ нь Трампын эсрэг үүсгэсэн хоёр дахь эрүүгийн хэрэг юм. Тэрбээр дөрөвдүгээр сард порно жүжигчин Сторми Дэниелсэд "амхаа хамхисных нь төлөө" мөнгө төлсөн хэрэгт буруутгагдсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин