Диана гүнжийн цамцыг дуудлагаар худалдана
2023-06-27

Диана гүнжийн, алдагдсанд тооцогдож байсан цамцыг Sotheby's дуудлага худалдаагаар оруулах болжээ. Энэ талаар дуудлага худалдааны газраас авсан эх сурвалжтайгаар The Mirror мэдээлсэн байна. 

 

Сонинд мэдээлснээр, 1981 онд поло тоглолтын үеэр Диана гүнж өмсөж байсан улаан ноосон цамцыг дуудлагаар худалдаалах аж. Энэ цамцан дээр олон цагаан хонин дунд ганцхан хар хонь дүрслэгдсэн байдаг гэнэ. 

 

Диана гүнжийн энэ цамцыг Букингемийн ордон үйлдвэрлэгч рүү буцааж, элэгдэлд орсон хэсгийг засаж өгөх эсвэл яг ийм шинэ цамц илгээхийг хүссэн захидал илгээсэн байна. Ингээд ижилхэн цамцыг үйлдвэрлэгч оёж өгсөн бөгөөд харин анхны загвар нь алдагдсанд тооцогдож байв. Харин 2023 оны гуравдугаар сард үйлдвэрлэгчийн байрны дээвэр дээр байсан эд зүйлс бүхий хайрцагнаас Диана гүнжийн цамцны анхны хувилбарыг олжээ.

 

Диана гүнжийн өмсөж байсан энэ цамц дуудлага худалдаагаар  70 мянга хүртэл фунт стерлинг хүрч магадгүй гэж дуудлага худалдаа зохион байгуулагчид таамаглаж байгаа гэнэ. Энэ дуудлага худалдаа есдүгээр сарын долооны өдөр Нью-Йорк хотод болох юм байна.

 

Түүнчлэн, өнөөдөр буюу зургадугаар сарын 27-ны өдөр Диана гүнжийн хүзүүний зүүлтийг дуудлагаар худалдаалах аж. Энэ зүүлтийг Диана гүнж амиа алдахынхаа өмнөхөн зүүж байсан бөгөөд энэ хүзүүний зүүл 51 каратын жинтэй 178 бриллиант, 12 миллиметрийн сувдаар чимэглэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин