"Орон нутгийн нислэгээс МИАТ ашиг олохгүй, алдагдал хүлээхгүй"

2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгосонтой холбогдуулан МИАТ ТӨХК-аас 2008 онд зогсоосон орон нутгийн нислэгээ сэргээлээ. Өнөөдрөөс эхлэн есөн аймгийн чиглэлд хуваарьт шууд нислэг үйлдэх гэж байна.
Манай улс 1956 оны долдугаар сарын 7-ны өдөр “АН-2” агаарын хөлгөөр зорчигч шуудан тээврийн анхны тогтмол нислэг хийж байжээ. 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “МИАТ” ТӨХК 2008 онд зогсоогоод байсан орон нутгийн нислэгээ дахин сэргээж, найман аймгийн чиглэлд шууд нислэг үйлдэхээр болжээ.
“МИАТ” ТӨХК 15 жилийн дараах анхны орон нутгийн нислэгээ "Чингис хаан" олон улсын нисэх буудлын талбай"-аас өчигдөр үйлдсэн билээ. Орон нутгийн чиглэлд нислэг үйлддэг болсноор гадаадын жуулчид аялал жуулчлалын гол бүс болох доорх найман аймгийн төв рүү шууд нисэх боломжтой болов.
Орон нутгийн нислэг үйлдэх чиглэлүүд, хоёр талын тийзийн үнэ:
- Ховд аймгийн Ховд хот руу 810-902 мянга төгрөг,
- Баян-Өлгий аймгийн Өлгий хот руу 810-902 мянга төгрөг
- Увс аймгийн Улаангом хот руу 800-852 мянган төгрөг
- Завхан аймгийн Улиастай хот руу 633-752 мянган төгрөг
- Говь-Алтай аймгийн Алтай хот руу 733-852 мянган төгрөг
- Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу 500-680 мянган төгрөг
- Өмнөговь аймгийн Даланзадгад хот руу 500-680 мянган төгрөг
- Дорнод аймгийн Чойбалсан хот руу 537-617 мянган төгрөгөөр хоёр талдаа нисэх юм.
Мөн өчигдөр болсон нээлтийн үеэр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир "Орон нутгийн нислэгийн үнэ бусад авиа компаниудаас 2-2.5 дахин бага буюу ашиг авахгүй, алдагдал гаргахгүй байхаар ажиллана. Орон нутгийн зам тээвэр хөгжиж байгаа хэдий ч өндөр настай, нялх балчир, өвчтэй зовлонтой хүмүүс онгоцоор зорчих боломж хомс олддог. "Ковид-19" цар тахлын улмаас орон нутагт нислэг үйлдэж буй авиа компаниуд төдийгүй МИАТ ТӨХК ч санхүүгийн чадавхын хувьд хүндрэлтэй цаг үеийг туулж гарсан. Мөн орон нутгийн нислэгийг сэргээх зайлшгүй шаардлага үүссэн. Тиймдээ ч өнөөдөр удаан хугацааны дараах анхны нислэгээ үйлдэхээр бид цугласан байна" хэмээн онцлон хэлсэн юм.
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан
Орон нутаг руу зорчигчдын 0,1 хувь нь агаарын тээврээр үйлчлүүлж байгаа бол МИАТ ТӨХК нислэг үйлдсэнээр 30 хувьд хүргэх боломж бүрдэж байна. Мөн хувийн агаарын тээврийн компаниуд иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн бололцоонд таарсан үнийг хэрэгжүүлж чадаагүй юм. Иймд үнэ нэмж зохиомол хомсдол үүсгэдэг байдлыг байхгүй болгохын тжлд МИАТ орон нутгийн нислэгийг сэргээж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ