Сонголт ихтэй, сэтгэл баясгасан Номын баяр 
2023-09-18

 

 

Үндэсний номын баяраар олон сонирхолтой үйл ажиллагаа болно гэдгийг өмнө нь мэдээлсэн ч гэлээ, хүн хэлэхээс наашгүй юм хойно, нүдээр харж байж сэтгэл баяссан шүү. Тухайлбал, номын фэнүүдийн уулзалт,  асуулт хариултын тэмцээн, орон нутагт ном хандивлах аян, яруу найргийн уншлага гээд тал бүрт арга хэмжээ тасралтгүй 3 хоног үргэлжилж байна. Биднийг очиход найман настай балчираас 80 настай буурай хүртэл өөрсдийн сонирхсон номын асрыг дүүргэсэн байлаа. 

 

 

Нүдэнд туссан номын хавтаснаас гадна, номын хавчуурга, даавуун цүнх, олон янзын стикернүүд ёстой л янз янзаараа алаглаж байлаа. Энэ жилийн номын баяр сонголт ихтэй, сэтгэл баясгасан өдрүүд болж өнгөрлөө. 

 

" Номын баяр бол оюуны таашаал цэнгэл хуралдсан үйл ажиллагаа"

 

И.Нэмэхбаяр "Монголчууд эрдэм ном дээдэлдэг ард түмэн учраас номын баярыг илүү оюуныг цэнгүүлэх, талархлыг мэдрэх баяр мэт өнгөрүүлдэг нь сайхан санагддаг. Тухайлбал, уншигчид хайртай зохиолчидтойгоо биеэр уулзаж, тэдэнд хайр, хүндэтгэлээ мэдрүүлэх нандин боломж бүрддэг бол зохиолчдын хувьд уншигчдаасаа урам зориг авч, дараагийн бүтээлдээ итгэл үнэмшил, урам зоригтойгоор орох буюу мөнөөх унших, уншуулах эрчим үргэлжилдэг гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, номоор дамжсан сэтгэл зүрхний нандин холбоо үүсдэг гэх үү дээ. Энэ бүхнийг монголчуудын эртнээс ном бүтээлийг дээдэлж ирсэн уламжлалт сэтгэхүйтэй холбож ойлгодог. Номын баяр гэж нэрлэдэг нь ч үүнтэй холбоотой. Хүмүүс номын худалдаа, яармагийг бараг зах гэж ойлгох нь холгүй байдаг. Энэ бол номд хүндлэл талархлаа үзүүлсэн, оюуны таашаал цэнгэл хуралдсан үйл ажиллагаа тул бидний хувьд баяр гэж хүлээж авдгийг онцолъё" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

 

Ч.Уянгалан " Жил болгон ном худалдан авахаар ирдэг. Номын баярт зөвхөн номоос гадна маш олон сонирхолтой зүйлс байдаг. Жишээ нь миний хувьд энэ удаад кодоор буддаг зурагт ном авсан. Хамгийн сонирхолтой нь энд ирсэн бүх л хүмүүс баяртай бас жаргалтай байсан. Тийм болохоор монголчууд номд их дуртай хүмүүс юм байна аа гэдгий ойлгож авлаа. Цаашид  улам шинэлэг, өнгөлөг өргөжөөсэй гэж хүсэж байна" гэв. 

 

Номын баярт очсон хүмүүсийн санал болгож буй  номыг танилцуулж байна 

 

М.Уянсүх: Хонхот хүүхэлдэй


Уг роман нь ХХ зууны 70-аад оноос ХХI зууны эхэн үе хүртэлх цаг хугацааг хамарч, тухайн үеийн монголчуудын аж амьдралыг тодорхой дүрслэн өгүүлнэ. Зохиолын гол дүрийн балчир насны дурсамжаар өмнөх нийгмийн амьдралыг дам үзүүлсэн бол залуу насны амьдралаар нь 1990-ээд оны нийгмийн шилжилтийн явцыг нэн хурцаар нээн харуулсан нь сонирхолтой. 


2.  Crying in H Mart


Энэхүү ном нь Japanese Breakfast хамтлагийн гоцлол дуучны намтар бүтээл юм. Хоёр соёлын орчинд өссөн өөрийнхөө тухай мөн ээжийнхээ тухай бичиж зарим хэсэгтээ гунигтай, заримдаа эмоцитой түүхүүдийг агуулсан нь гүнзгий сэтгэгдэл үлдээх аж. 

 


3.Raising Humans in a Digital World


Технологийн дэвшил, интернэт орчингүйгээр амьдралыг төсөөлөхийн аргагүй эрин зуунд бид амьдарч байна. Гэтэл цахим дээрэлхэлт, насанд хүрэгсдийн гаж буруу бичлэгүүд, хэт донтолт гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалж эцэг эхчүүд хүүхдийнхээ ухаалаг төхөөрөмжийн хэрэглээг маш ихээр хязгаарладаг. Мэдээж эрсдэлээс зайлсхийх нь аюулыг холдуулах нэг арга ч гэлээ хамгийн сайн сонголт биш бөгөөд Диана Грабер энэхүү номдоо хэрхэн виртуал болон бодит амьдралын харилцааг тэнцвэржүүлж, хэцүү үед зохистой шийдвэр гаргах талаар эцэг эхчүүдэд хамгийн энгийн, дэлгэрэнгүй зөвлөгөөг хүргэж чадсан юм.

 


4. Дейл Карнеги “How to win friends and Influence people”


“Өнөөдөр бол таны өчигдөр санаа зовниж байсан маргааш” Дейл Карнеги олон сайн ном бичсэн байдаг ч энэ ном бол хамгийн алдартай нь. Хүмүүсийн дунд хэрхэн амьдрах, тэдэнтэй хэрхэн харилцах талаар түүнээс сайн бичсэн хүн байхгүй. Энэ номыг тогтмол эргэн харж, уншиж байх хэрэгтэй. Ялангуяа дотогшоогоо сэтгэлгээтэй интроверт хүмүүст нэн тустай. Хүмүүстэй харилцахын тулд авьяас эсвэл хэл ам сайтай байх шаардлагагүй гэдгийг Карнеги тун үнэмшилтэй тайлбарлаж өгдөг. Зөв тактик хэрэглэж, хэдэн хэрэгтэй зөвлөгөөг дагавал хэн бүхэнтэй хэл амаа төвөггүй ололцдог болно. 


Үр дүнтэй харилцаа тогтооно гэдэг бол нийгэмд байр сууриа олохыг хүссэн хүн бүрийн эзэмших ёстой хамгийн чухал чадваруудын нэг. Танд энэ чадвар дутагдаж байвал Дейл Карнегийн энэ ном таны удирдагч, чиглүүлэгч байх болно.

 


5. НАМТАР: Эми Одел-Анна


Хүн бүхний мэддэг хоёр Анна байдаг. Нэг нь Достоевскийгийн амилуулсан Анна, нөгөө нь Vogue-н Анна. Хувцас загвар хийгээд сэтгүүлзүйд аль алинд нь сонирхолтой, эгэл даруухан ч бусдыг татах нууцхан увдистай, цэл залуухан Анна ажлын гараагаа загварын хувцасны дэлгүүрийн худалдагчаас эхэлж байжээ. Өдгөө Vogue-н толгой хэвлэл мэдээллийн компани Condé Nast-ын Глобал контент хариуцсан захирлын албыг хашиж буй тэрээр Vogue сэтгүүлийн ерөнхий редактороор 25 жил ажиллахдаа зөвхөн Vogue төдийгүй загварын салбарыг донсолгож, орчин үеийн эмэгтэй хүний шинэ дүр төрхийг бүрэлдүүлж, бүхий л салбарын шилдгүүдийг бидэнд тунхаглаж өгсөн агуу, хүчирхэг эмэгтэй юм.

Shuud.mn
Санал болгох
Сонин хачин