АНУ-д онгоцны уралдааны үеэр хоёр онгоц мөргөлджээ
2023-09-18

АНУ-ын Невада мужид онгоцны уралдааны үеэр хөнгөн моторт хоёр онгоц мөргөлдсөн осол гарчээ. Энэ талаар Невада мужийн Рино хотын Агаарын уралдааны холбоо Фейсбүүк хуудсандаа мэдээлсэн байна.

 

Хөнгөн моторт онгоцууд мөргөлдсөний улмаас эдгээр онгоцуудыг жолоодож явсан хоёр нисгэгч хоёулаа амиа алджээ. "Өнөөдөр газардах үед золгүй тохиолдол гарсны улмаас манай уралдааны хамт олны хоёр гишүүн амиа алдсан гунигт мэдээг Рино хотын Агаарын уралдааны холбоо дамжуулж байгаадаа ихэд харамсаж байна" хэмээн холбооны мэдэгдэлд өгүүлжээ.

 

Золгүй явдал болж, нисгэгчид амиа алдсаны улмаас уралдааныг бүрэн зогсоосон байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй, холбогдох албаныхан хэргийг шалгаж байгаа аж. Рино хотод Агаарын уралдааны үндэсний аварга шалгаруулах тэмцээн 1964 оноос эхлэн жил бүрийн есдүгээр сард зохион байгуулагддаг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин