Хойд Солонгосын шинэ хэв маяг буюу сарын цалинтай дүйх аяга кофе
2023-09-19

Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун ОХУ-д айлчилсан нь энэ хоёр орны харилцаа төдийгүй Хойд Солонгосын сэдэвт олны анхаарлыг дахин хандуулсан юм. Ким Жон Ун Путинтэй уулзахаар ирэхдээ Maybach лимузин хөлөглөн ирсэн бөгөөд хэвлэлүүдийн мэдээлснээр энэ нь түүнд байх цорын ганц тансаг машин биш гэнэ. Хойд Солонгосын цөөхөн хүнээс бүрдэх элитүүд тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн хэрэглээд багагүй хугацааг өнгөрчээ. Тэд хэрхэн амьдардаг, хориг арга хэмжээ хэрэгжиж байгаа ч тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн хэрхэн олж авдаг талаар Forbes сэтгүүл бичсэн байна. 

 

Хойд Солонгос дахь ховорхон амьдрал

 

Тансаглал, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд татагдах нь дэлхийн бүхий л орны элитүүдэд илэрдэг зан. Хойд Солонгосын тухайд, тус улс цөмийн зэвсгийн туршилт хийсний хариуд 2006 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн энэ улс руу нийлүүлэхийг хориглосон юм. Ийм хориг тавьснаар Хойд Солонгосын элитүүдийг хавчиж, улмаар дэглэм цөмийн амбицаасаа татгалзана гэж тооцоолж байв.

 

Гэвч үнэндээ хориг арга хэмжээ анхлан тооцоолж байсан шиг үйлчилсэнгүй. Хойд Солонгосын эрх баригчид брэндийн хувцас, гоёл чимэглэл, үнэт эдлэл, цахилгаан бараа, үнэтэй дарс, автомашиныг хил дамнасан хууль бус наймааны сүлжээгээр дамжуулан олж авсаар байгаа аж. Diplomat сонины онцолсноор Ким Жон Ун "тансаг зэрэглэлийн барааг Хойд Солонгосын элитүүд хүртэх боломж олгосноороо тэднээс дэмжлэг авдаг" гэнэ.

 

Хойд Солонгосын дэглэмийг үнэнчээр дэмждэг хүмүүсийг баярлуулах, тэдний үнэнч байдлыг хадгалах зорилгоор БНАСАУ-ын эрх баригчид үнэтэй бараа бүтээгдэхүүн зөөх ажлыг хийдэг эгж Батлан хамгаалах салбарын тэргүүлэх судалгааны төв гаргасан тайланд ч өгүүлсэн байв. Судлаачдын мэдээлснээр, гол зорилгоо халхавчилсан компаниудаар дамжуулан тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн олж авдаг бол Хойд Солонгосын хууль бус наймааны сүлжээ дэлхийн 90 орныг хамардаг аж. 2011-2017 оны хооронд гэхэд л Хойд Солонгос дөрвөн тэрбум гаруй доллараар тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авчээ. 

 

Түүнчлэн, Ким Жон Ун гадаад айлчлалынхаа үеэр 500 мянган доллараас дээш үнэтэй лимузин хөлөглөж байгааг сэтгүүлчид болон судлаачид хэдэнтээ анхаарал хандуулж байлаа. Ройтерс агентлагийн бичсэнээр, Ким Жон Ун тансаг машинд дуртай, түүний мэдэлд Mercedes, Lexus и Rolls-Royce Phantom зэрэг олон лимузин байдаг гэнэ. Харин Хойд Солонгосын тэргүүн хатагтай Ли Соль Жу Christian Dior-ын цүнхтэй олны өмнө гарч байлаа.

 

Их хотын тансаглал

Одоо Хойд Солонгосын нийслэлийн оршин суугчид хэрхэн амьдардаг талаар ярихада тун хүнд. Учир нь энэ улс эртнээс л сэтгүүлч, судлаачдад хаалттай байсаар ирсэн. Цаашлаад, 2020 оны эхээр коронавирусийн цар тахал дэгдсэний улмаас энэ улс гадаад ертөнцөөс бүрэн тасарч, саяхнаас л нээлттэй болж эхэлж байгаа юм.

 

Гэхдээ, цар тахлаас өмнө Пхеньянд очсон сэтгүүлчид энэ хотод барууны тансаг брэндүүд, хувцас, Ролекс цаг их дэлгүүрт нь байдаг, зоогийн газарт нь ухаалаг төхөөрөмж ашиглан захиалга хийдэг хэмээн бичиж байв. Пхеньянын дэлгүүрүүдэд тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг талаар Хойд Солонгосын төрийн хэвлэлүүд ч худалдааны төвийн нээлтийн талаар мэдээлэхдээ дамжуулж байв. 

 

2005 онд Хойд Солонгосын эмэгтэйьчүүд саарал, хүрэн, хар өнгө давамгайлсан, хэт даруу хувцас өмсдөг байсан бол Ким Жон Ун төрийн эрхэнд гарсны дараа Пхеньянын гудамжаар хурц тод хээтэй даашинз өмссөн загварлаг бүсгүйчүүд алхах болсон гэнэ. Энэ талаар Пхеньянд олон удаа очсон, Солонгосын хойгийн үйл явдлыг олон жил дамжуулсан сэтгүүлч Анна Файфилд бичиж байв.  Түүний өгүүлснээр, 2018 онд л залуу солонгос бүсгүйчүүд  H&M, Zara, Uniqlo брэндийн хувцас өмсөж, өндөр өсгийт дээр алхах болсон гэнэ. 

 

Анна Файфилдын "Аугаа залгамжлагч. Суут нөхөр Ким Жон Уны хувь тавилан" хэмээх 2021 онд хэвлэгдсэн номонд бичсэнээр, арай хөрөнгө чинээ багатай хүмүүс нь гадаадын брэндийг дуурайлган дотоодод нь үйлдвэрлэсэн хувцас хэрэглэлийг худалдан авдаг бөгөөд энэ бараа бүтээгдэхүүний чанар сайн тул хөрш Хятадын зах зээлд гарах нь ч олонтаа гэнэ. Үүний зэрэгцээ БНАСАУ Apple-ийн планшетийг дуурайлган  Ryonghung IPad гэх өөрсдийн гэсэн ухаалаг төхөөрөмжтэй болжээ.

 

Хойд Солонгосын намын нөлөө  бүхий зүтгэлтнүүдийн хүүхдүүд Elle, Adidas болон Nike брэндийн спортын хувцасыг илүүтэй сонгодог гэнэ. Учир нь элитүүдэд зориулсан фитнес клубүүд нь хойд солонгосчууд янз бүрийн хувцас өмсөж болох цөөхөн газруудын нэг, тиймдээ ч "завшааныг ашиглан үнэ цэнтэй харагдахыг залуус хичээдэг" гэж Вашингтон пост бичжээ. Ийм спорт танхид ганц хичээллэхэд л хэдэн долларын үнэтэй, энэ нь хүн амынх нь сарын дундаж орлого 10 доллараас хэтэрдэггүй улсын хувьд асар өндөр үнэ. Гэхдээ бусадтай адилхан байхгүйн тулд элитийн төлөөллүүд гүйлтийн зам дээр гүйж, 4-9 долларын үнэтэй кофе авч уухад бэлэн байдаг гэнэ. 

 

Тэд бусдаас ялгарахын тулд гадаад төрхөндөө ч анхаарч, европжуу болох хүсэлтэй байдаг талаар Анна Файфилдын номонд бичжээ. 

 

Хойд Солонгосын дээдсийн хүрээллийнхний хүүхдүүд гадаад байдалдаа ч ихээхэн анхаардаг, "европ төрхтэй болох" гэж давхраа хийлгэх, хамрын мэс засалд орох зэргээр гоо сайхны мэс ажилбар ихээхэн хийлгэдэг аж. Хойд Солонгост  давхраа хийлгэхэд 50-200 доллар төлөх хэрэгтэй

 

Баян жаал

Хойд Солонгосын дээдсийн хүрээллийн хүүхдүүд энгийн нэгний сарын цалингаар ганц аяга кофе авч уудаг бол төрийн тэргүүн нь хар нялхаасаа л асар том ордонд амьдарч, дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан төрөл бүрийн тоглоом, армийн дайны зарц, япон тогоочоор хүрээлүүлэн өсчээ. 

 

Хойд Солонгосын "хаан ширээг залгамжлагч" өсөж том болоод Швейцарын сургуульд суралцах болсноор сагсан бөмбөг тоглож, мөн л хөрөнгө чинээтэй гэр бүлээс гаралтай ангийнхан дундаа Nike Jordan Air шинэ пүүзээр гангардаг байсан гэх.

 

Хойд Солонгосын дээдсийн хүрээллийнхэн эрх баригч гэр бүлтэй өрсөлдөх боломж байхгүй хэдий ч дориун албан тушаал хашихын тулд ихэд чармайдаг. Тэд хүүхдүүдээ хар багаас нь л төрийн албан тушаал хашихад бэлтгэж, өндөр албан тушаал хашихад холбоо сүлбээ төдийгүй сайн боловсрол хэрэгтэй тул дээдсийн хүрээллийнхэн хүүхдүүдээ гадаадын сургуульд оруулахыг хичээдэг гэнэ. Ингэж чадахгүй юм гэхэд Пхеньянын хамгийн сайн сургуульд оруулна. Энэ нь ч тийм хялбар биш, эдгээр сургуульд орохын тулд сайтар бэлтгэгдсэн, онц дүнтэй байх шаардлагатай

 

Тиймдээ ч Хойд Солонгост хичээлээс гадуурх сургалт асар их болжээ. Сургалтаар ерөнхий боловсролын хичээл заахаас гадна дуулж, хөгжимдөж сургах дугуйлангууд ч олон. Түүнчлэн Хойд Солонгосын эцэг эхчүүд охидынхоо боловсролд ихээхэн цаг хөрөнгө зарцуулдаг аж. Учир ньн охид нь нэр хүнд бүхий сургууль төгсөж, урлагийн авьяастай байснаар "боломжийн айл"-ын бэр болж, дээш ахих боломжтой болно гэж үздэг гэнэ.

 

"Пхеньхеттен"

Ким Жон Ун төрийн эрхэнд гарснаас хойш Хойд Солонгосын нийслэлд олон давхар байр бүхий хорооллууд ихээр боссон бөгөөд үүнийг Америкийн сэтгүүлч Анна Файфилд "Пхеньхеттен" хэмээн егөөдөн нэрлэжээ. Ийм хорооллууд дахь байрыг улсаас тараадаг, гэхдээ энэ улсад нууцаар байр түрээслүүлж, худалдаалдаг үл хөдлөх хөрөнгийн хар зах зээл байдаг гэнэ.

 

Файфилдын бичсэнээр, боломжийн хоёр өрөө байр 80 мянган доллар бол тансаг сууцан дахь гурван өрөө байр 180 мянган долларт хүрдэг аж. Шинэ орон сууцны хорооллуудад чамин уушийн газар, Солонгос, Европ хоолны зоогийн газрууд байдаг гэнэ. Ихэнх нь тэнгэрт хадсан үнэтэй. Үүний зэрэгцээ дэлхийн бусад хотуудын адилаар Пхеньянд кофешопоор үйлчлүүлэх соёл эрчимтэй дэлгэрсэн бөгөөд Пхеньяны чинээлэг оршин суугчдын кофе уух хэрэгцээг нь хангахын тулд бариста сургахаар хүмүүсийг Хятад руу илгээдэг байжээ. 

 

Хот өргөжин тэлэхийн хэрээр таксины тоо ч нэмэгджээ. Өмнө нь Пхеньянд хүн тээвэрлэдэг 80 машин л байсан бол Ким Жон Уны үед энэ тоо 1000 хүртлээ өссөн байна. Энд таксигаар үйлчлүүлэхийн тулд автобусны тасалбараас 10 дахин өндөр үнэ буюу 3,75 доллар төлнө. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хойд солонгосын ганц орлого олдог улс нь хятад шүү дээ. хятад умард солонгосын эсрэг эдийн засаг худалдааны хориг тавьбал умард солонгос сүйрнэ.
2023-09-19
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-09-19