ИЗНН-ын даргаар Б.Батбаатарыг бүртгүүлэхээр Дээд шүүхэд ханджээ
2023-09-19

Дээд шүүхэд Иргэний зориг ногоон намаас энэ сарын 18-ны өдөр өргөдөл ирүүлжээ. Уг өргөдөл нь  “Иргэний зориг ногоон нам (ИЗНН)-ын Их хурлаар сонгогдсон Б.Батбаатарыг тус намын даргаар бүртгүүлэх” агуулгатай байна.

 

 

Өмнө нь буюу 2023 оны долоодугаар сарын 3-ны өдөр Улсын дээд шүүх  “Иргэний зориг ногоон намын дүрмийн 14.5.2, 22.1.16, 27.4, 28.5-д тус тус нэмэлт өөрчлөлт оруулсныг болон намын даргаар Б.Батбаатар сонгогдсоныг бүртгүүлэх тухай” Б.Батбаатарын өргөдлийг хэлэлцээд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Учир нь Иргэний зориг ногоон намын дүрэмд зааснаар Үндэсний хороог сонгож байгуулах болон намын даргыг сонгох, чөлөөлөх эрх нь намын Их хурлын бүрэн эрхэд хадгалагдаж байх тул 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр хуралдсан гэх Үндэсний хорооны хуралдаанаас тус хорооны хурлын гишүүдийн бүртгэлд өөрчлөлт оруулж, 103 байхаар баталсан болон уг хороо нь мөн өдрийн хуралдаанаар намын даргыг томилсон нь тус намын дүрмийн заалттай нийцэхгүй гэж үзсэн. 

 

Тэгвэл Дээд шүүхэд өчигдөр дахин Б.Батбаатарыг намын даргаараа бүртгүүлэхээр хандсан байна. Б.Батбаатар нь Ардчилсан намын гишүүн байсан бөгөөд 2004-2008 онд тус намын нэрээр Чингэлтэй дүүрэгт өрсөлдөн, УИХ-ын  гишүүнээр сонгогдож байв. Харин 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх болоход тойрог олдоогүй тул Ардчилсан намаас гарч байсан түүхтэй.

Shuud.mn
Сонин хачин