Холливудын зохиолчид ажил хаялтаа зогсоов
2023-09-27

Америкийн зохиолчдын холбоо (WGA)  148 өдөр үргэлжилсэн ажил хаялтаа зогсоохоор шийджээ. Энэ талаар Hollywood Reporter сонин мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн зохиолчдын холбоо есдүгээр сарын 27-ны өдрөөс ажил хаялтаа зогсоох шйидвэрийг гаргажээ. Ингэснээр зохиолчид зохиолоо бичиж, зарж, ажлын уулзалт хийж эхлэх юм байна. Гэхдээ зохиолчид ажлын нөхцөлийг сайжруулахтай холбоотой урьдчилсан хэлэлцээрүүдийг соёрхон батлах ёстой бөгөөд энэ асуудлаарх уулзалт 10 дугаар сарын 2-9-ний өдрүүдэд болох аж.

 

Америкийн зохиолчдын холбооны төлөөлөгчид есдүгээр сарын 24-ний өдөр Кино, телевизийн продюсерүүдийн эвслийн төлөөлөгчидтэй уулзаж, уулзалтын дүнгээр талууд ажил хаялтыг зогсоох урьдчилсан тохиролцоонд хүрсэн юм.

 

Эргэн сануулахад, Холливудын зохиолчид тавдугаар сараас ажил хаялт зарласан. Үйлдвэрчний эвлэл цалин нэмүүлэх, хиймэл оюун ухааныг жүжигчид болон зохиолчдыг орлуулахад ашиглахгүй гэх баталгаа өгөхийг шаардсан юм. Энэ ажил хаялтад зун жүжигчид ч нэгдсэн. Урт хугацаанд үргэлжилсэн ажил хаялтын улмаас Эмми шагнал гаруудал ёслолыг ирэх нэгдүгээр сард зохион байгуулахаар хойшлуулсан бол олон киноны нээлт ч мөн хойшлогдсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин