Цаг агаар: Аравдугаар сард олон жилийн дундажаас дулаан байна
2023-09-28

Аравдугаар сарын агаарын дундаж температур баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

 

Хур тунадасны хувьд баруун болон төвийн аймгуудын нутгаар ОЖД-аас харьцангуй бага тунадастай байх боловч говийн аймгуудын зүүн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, агаарын температур сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарах төлөвтэй байна. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

 

 

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Баян–Өлгий,  Ховдын нутаг, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна.

 

Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С градусаар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.

 

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

 

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Өвөрхангайн нутгаар ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Өвөрхангайн нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.

 

Хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.

 

Сарын эхэнд нутгийн хойд хэсгээр 2, 3 – нд ихэнх нутгаар хур тунадас орно. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

 

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас Хэнтийн баруун хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

 

Сарын эхэнд ихэнх нутгаар өдөртөө дулаахан байх боловч 2–3нд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар сэрүүснэ. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3 °С-аар хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.

 

Сарын эхэнд ихэнх нутгаар хур тунадас орно. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

 

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Говьсүмбэрийн нутаг, Дундговийн хойд хэсгээр ОЖД–аас дулаан, хур тунадас Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

 

Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С-аар сэрүүхэн, цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх бол бусад хугацаанд ОЖД–аас 1–2°С-аар дулаан байх төлөвтэй байна.

 

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр, нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар нойтон цас орж, салхи зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүрч ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Shuud.mn
Сонин хачин