Ташкентэд хүчтэй дэлбэрэлт болжээ
2023-09-28

Узбекистаны нийслэл Ташкент хотод хүчтэй дэлбэрэлт болжээ. Үүний дараа их хэмжээний талбайг хамарсан гал гарсан гэж Коммерсант мэдээлсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Ташкентын олон улсын нисэх буудлын бүсэд байх гаалийн агуулахад дэлбэрэлт болжээ. Энэ дэлбэрэлт Улаанбаатарын цагаар 07:55 цагт болсон байна. Дэлбэрэлтийн дараа их хэмжээний талбайг хамарсан гал түймэр дэгдсэн бөгөөд галыг унтраахаар гал сөнөөгчдийн 16 баг ажиллаж байгаа гэнэ.

 

Гаалийн агуулахад болсон дэлбэрэлтэй маш хүчтэй байсан, ойролцоох орон сууцнуудын шил хагарсан бол дэлбэрэлт болсон газраас 30 км зайд ч дэлбэрэлтийн хүч мэдрэгдсэн гэж шуурхай албаныхан мэдээлжээ. 

 

Ташкентэд болсон хүчтэй дэлбэрэлт, гал түймрийн шалтгаан нь цахилгаан машин болон ийм машины эд анги хадгалагдаж байсан агуулахад аянга буусантай холбоотой гэж Узбекистаны Дотоод хэргийн яам мэдэгдсэн байна. Энэ хэргийн улмаас гэмтэж бэртсэн хүн байгаа гэж мэдэгдсэн ч тодорхой тоо хэлээгүй байна.

 

Дэлбэрэлт болон галын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийг нэн даруй эмнэлэгт хүргэсэн, эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийн дунд ноцтой хүнд гэмтэл авсан хүн байхгүй гэж Узбекистаны Эрүүл мэндийн яам мэдэгджээ.

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин