
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал тарлаа. Тус намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын шинээр томилогдох гишүүдийн талаар хэлэлцсэн юм. Бүлгийн хуралдааны талаар тус намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр “Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар зургаан гишүүний тухай ярилцлаа. АН-ын сайд нарын оронд томилогдох зургаан сайдаас Тэргүүн шадар сайдын орон тоог шаардлагагүй гэж үзлээ. Тэргүүн шадар сайд хэмээх албан тушаалыг хоёр нам хамтарч Засаг барьж байх хугацаанд гаргаж ирсэн. Тиймээс энэ орон тоог алга болгоё. Хоёрдугаарт Эрүүл мэнд, БОАЖ-ын сайдад нэр дэвшигчдийн нэг болох Н.Хүрэлбаатар нь яг өнөөдөр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байгаа. Харин Д.Цогтбаатар нь саяхныг хүртэл ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашсан. Энэ удаа хоёр Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын гишүүнээр томилохоор оруулж ирж байгаа нь Монгол төрийн алба улс төр болоод намаас ангид байна гэсэн сүүлийн хэдэн жил баримталж ирсэн алхмуудыг эвдсэн алхам болж байна. Тиймээс хүлээн зөвшөөрөхгүй хэмээн бүлгийн гишүүдийн олонхи нь санал гаргасан учир тэдгээр хүмүүсийг дэмжихгүй хэмээн манай бүлэг байр сууриа илэрхийлж байна. Харин дараа нь УИХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшиж байгаа гурван гишүүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч зөвшилцөх саналыг МАН-ын дарга Ерөнхий сайдад санал болгосон боловч огт зөвшилцөхгүйгээр хариу ирүүлсэн гэдэг үндэслэлээр УИХ-д өргөн барьсан байгаа юм. Тиймээс энэ тухайд АН-ын бүлэг Ерөнхийлөгчтэй нэгэн адил бодолтой байгаа гэдгээ илэрхийлж байна. МАН болоод АН-ын олонхи гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар гарын үсэг зурсан. Ерөнхийдөө үндсэн шийдэлдээ хүрсэн гэж бид ойлгож байгаа. Засгийн газрын нийт гишүүдийн 3/1-ээс доошгүй хувь нь УИХ-ын гишүүн биш байна гэсэн зарчим УИХ-ын төвшинд тодорхой шийдэлд хүрсэн. Харамсалтай нь хууль батлагдаагүй гэх үндэслэлээр УИХ-ын гишүүдийг нэр дэвшүүлж байгааг Ерөнхийлөгч мөн эсэргүүцсэн. Бид түүний энэ саналыг дэмжиж байна. Харин сайдад нэр дэвшиж байгаа зургаан хүний талаар АН-ын бүлэг тодорхой шийдвэрт хүрээд явж байсан ч харамсалтай нь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр хэвлэлийн бага хурал хийхдээ Ерөнхийлөгч нь УИХ болоод Засгийн газартай харицах харилцаагаа битгий ил байлгаач гэдэг асуудлыг тавьсан. Бидний ойлгож байгаагаар МАН-ын зүгээс Засгийн газар Ерөнхийлөгчтэй ил тодоор нээлттэй уулзалт хийж харилцан санал солилцохыг хориглосон гэсэн мэдээлэлтэй байна. Энэ нь Монгол төрийн Улсын их хурал, Засгийн газар, Ерөнхийлөгчийн засаглал гэсэн гурван институтын харилцаанд сэв суулгасан, бүдүүлгээр гажуудуулсан алхам боллоо. Хэдхэн хоногийн өмнө батлагдсан ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиар Монгол Улсын төрийн тэргүүн Төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийхдээ ил тод нээлттэй байна гэдгийг хуульчилсан байгаа. Цаашид Монгол Улсын Ерөнхий шүүгч прокурор гэсэн хүмүүс Төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзахдаа ил тод нээлттэй байх зарчмыг хадгална. Энэ бол шинэ зарчим долдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэхээр болсон байхад МАН-ын бүлгийн дарга бүдүүлэг алхам хийсэнтэй холбогдуулаад Бүлэг дахин хуралдаж байр сууриа дахин нягталлаа.
Засгийн газрын хуулиар 10 гишүүнтэй болж байж хуралдах хуультай. Тэгэхээр Засгийн газрыг хуралдах чадамжтай болгохын тулд ЭМ-ийн сайдад нэр дэвшиж байгаа Н.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар нарын тухай УИХ хэлэлцэж шийдвэрээ гаргая. Тэдгээр хүмүүсийг сайд болгохоор УИХ шийдвэр гаргаж ч болно. Харин АН-ын бүлэг мэдээж эсрэг саналтай оролцоно. Хэрэв уналаа гэхэд дараагийн хүмүүс нь хурдан нэр дэвшээсэй гэсэн зарчмаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлье. Тэргүүн шадар сайдын хувьд энэ албан тушаалыг алга болгох хуулийг алга болгох хуулийг оруулж ирээч гэсэн саналыг Засгийн газарт хүргүүлж байна. Хоёр сайдын томилгооны асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхийг дөнгөж сая УИХ-ын дэд дарга Г.Батхүү болон Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт нарт УИХ-ын даргад өргөн барихыг чиглэл болгон явууллаа. Ямар ч гэсэн холбогдох байнгын хороогоор нь хэлэлцэх байх. Тэргүүн шадар сайдын хувьд дээр хэлсэнчлэн завсарлага авна. Ямартай ч энэ орон тоог бид алга болгоно.
УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүдийн талаар өнөөдөр бий болоод байгаа зарчмыг эргэж хараач ээ гэсэн саналыг Ерөнхий сайд С.Батболдод хүргүүлнэ. Ингээд үлдсэн гурван сайдын томилгооны асуудлаар манай нам мөн завсарлага авна.МАН-ын өчигдрийн хэвлэл мэдээллээр хийсэн байр суурь суурийг харахад үнийн өсөлтийг АН-тай холбохыг оролдож байгаа юм билээ. Тийм оролдлого байхгүй. Засгийн газар өнөөдөр үнийн өсөлтийн эсрэг ажлаа хийгээд ил тодоор тайлагна. Ажлын хэсэг байгуулсныгаа ажил хийж байна гэж ярьдгаа боль гэж хэлмээр байна Нөгөө талаас халамжийн тухай хуулийг бүгдийг нь АН гацааж байна гэж ч ярисан байна лээ. Тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төслийг АН-ын бүлгийн нэр бүхий гишүүд өргөн барьсан. МАН-ын гишүүд ч орсон. Тэр утгаараа суурь тэтгэврийн асуудлыг УИХ шийднэ. Гэхдээ бид амсуулах биш. Шийдвэл шийдсэн шиг шийдье л гэж байгаа юм. Энэ зарчмаар асуудал шийдэгдэнэ. Эхчүүдэд мөнгө олгох асуудлын тухайд бол хүүхдийн мөнгийг олгоно гэсэн хуулийн төслийг манай бүлгийн гишүүд өргөн барисан. Тиймээс эхчүүдэд мөнгө олгох болон хүүхди йн мөнгө хоёрыг зэрэг хэлэлцээд нэгдсэн ойлголтод хүрнэ гэсэн байр суурьтай байна. Түүнээс биш бид халамжийг хойш татаад ядуурлыг хөөргөөд байгаа юм байхгүй гэдгийг хэлмээр байна” гэв. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр бүлгийн байр суурийг танилцуулсны дараа сэтгүүлчдийн зүгээс тавьсан дараахи асуултад тэрбээр хариулт өгсөн юм.
-Сайд нарыг гаднаас томилох тухай ярьж байна. Гэтэл өмнө нь АН-аас Засгийн газарт ажиллаж байсан хүмүүс бүгд УИХ-ын гишүүн байсан шүү дээ?
- Гурван жил хагасын өмнө байгуулагдсан Засгийн газар гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр үед 3/1 нь дотроосоо 3/2 нь УИХ-ын гишүүн биш байна гэсэн шийдэлд хүрээгүй байсан. Гэтэл өнөөдрийн бий болсон шинэ нөхцөл байдалд ойлголцчихсон байгаа төвшиндөө ажиллаач гэдэг саналыг Ерөнхий сайдад хүргүүлье гэж бодож байна. Гурван жилийн өмнөх шийдвэртэй өнөөдрийнхийг хольж хутгалгүйгээр бид маргааш яаж шийдэх вэ. 2012 онд сонгуульд ялсан нам засаг байгуулахдаа өнөөдрийн зарчмыг барих юм уу. Хэрэв ингэж явбал Монголд шинэчлэл гарахгүй. Тэгэхээр энэ шинэчлэл рүү нэг алхая
-Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй байя гэсэн шүү дээ?
-Өнөөдрийн Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг томил гэсэн зүйл байхгүй. Өнөөдрийн томилгоог нь үгүйсгээд байгаа юм биш. Зүгээр эргэж хараач гэж байгаа юм Монгол Улс жишиг тогтоох хуулиудаа үргэлж дараа үйлчлэхээр батлаж байгаа. Төсвийн тогтвортой байдал, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль ч дараа хэрэгжинэ. Одоо Үндсэн хуулиа ч гэсэн дараа үйлчлүүлнэ. Дараа хийнэ ээ гэдэг чинь өнөөдөр шаардлагатай байгаагийн илрэл. Ерөнхийлөгч энэ тухай хэлсний дараа ядаж нам дотроо ил тод яриач. Боломжгүй зүйл биш гэж бодож байна. Өнөөдөр юм уу маргаашдаа багтаагаад Засгийн газрыг хуралдуулах чадамжтай болгоё. Бусад хүмүүсээ эргэн хараач. Ялангуяа Тэргүүн шадар сайдын албыг бид зөвшөөрөхгүй.
-Тэгвэл яагаад хамтарсан Засгийн газар байгуулах болохоороо энэ албыг бий болгосон
-Мэдээж ийм шүүмжлэл явж байгаа. Анх Засгийн газрыг байгуулахад Ерөнхий сайд нь Ардын намаас, хамтарч байгаа намын дарга нь Тэргүүн шадар сайд байгаад хоорондоо зөвшилцөж ярьдаг байя. Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайд нар асуудлаа яриад УИХ-ыд оруулдаг байя. Харилцан хамтарч ярилцахын тулд л энэ албан тушаалыг бий болгосон. Одоо бол Монгол Улсын Ерөнхий сайд Ерөнхий нарийн бичгийн даргатайгаа зөвшилцөх гээд байгаа юм уу. Энэ албан тушаал хэрэггүй болсон гэж үзэж байна.
-Цаашид сайд нарын асуудал яана гэсэн үг вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд оруулаад ирвэл бид дэмжинэ. Түүнчлэн Н.Хүрэлбаатар, Д.Цогтбаатар нарыг дэмжих арга алга. Өнөөдөр ажиллаж байгаа Төрийн нарийн бичгийн дарга нар бүгд тийшээ гүйж очно. Гүйж очихоор юу болж хувирах вэ. Монгол Улсын Засгийн газар намын аппрат болж хувирна. Уг нь Төрийн албаны хуулиараа Төрийн нарийн бичгийн дарга гэдэг нь тухайн яамныхаа төрийн ажлыг хийдэг захиргааны ажилтан. Тухайн яаманл ирж байгаа тендерийн хорооны дарга нар байдаг. Тэр утгаараа бүх мөнгийг захиран зарцуулдаг. Сайд нарт мөнгө зарцуулах эрх байдаггүй юм шүү дээ. Тиймээс тэдгээр хүмүүсийг аль нэг намд бүү үйлчлээрэй гэж төрийн нарийн бичгийн дарга болгосон. Гэтэл МАН “та нар өнөөдөр бидэнд үйлчлэнэ” шүү гэсэн зарлал хадчихлаа. Бид үүнийг эсэргүүцэж байна. Эдгээр үндэслэлүүдээ чуулганы хуралдаанд хэлнэ. МАН-ынхан ч гэсэн үүнийгээ эргэж харах байлгүй дээ.
-АН болон Ерөнхийлөгчийн зүгээс энэ асуудалд хандаж байгаа хандлагын хүмүүс Ерөнхийлөгч нам бус байж чадахгүй байна гэж харж байна?
- АН-ын бүлэг УИХ-аас гарах бүх шийдвэрт өөрийн байр сууриа илэрхийлэх эрхтэй. Энэ удаад бид Ерөнхийлөгчийн хэлсэн саналд үндэслэж байр сууриа илэрхийлж байгаа юм. Хэрэв Ерөнхийлөгч энэ асуудлыг хэлэлцэхгүй явуулсан байсан ч бид байр сууриа илэрхийлнэ. Асуудалд оролцох эрх нь хоёр талд байгаад нэг өнцгөөр хандаж байгаа учраас Ерөнхийлөгчтэй холбож ойлгож байгаа юм. Хоёр өөр ч байж болно.
С.Заяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ