
Хүнсний томоохон захуудаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш, нийлүүлэлт хэр байгаатай хотын дарга танилцжээ. Тэрбээр Дэнжийн 1000 дахь Хүчит шонхор захаар орж, машины тэвшинд өрсөн гулууз мах, ууцнаас авахуулаад дотор лангуунд жижиглэнгээр худалдаж буй мах, төмс хүнсний ногоо, өргөст хэмж, улаан лооль, гурил, будаа, ааруул өрөм гээд бүхий л хүнсний худалдааны үнэ ханш, эрэлт хэрэгцээг сонирхсон байна. Сар шинийн баяр ойртож байгаа тул тус захын цагаан идээний тасаг нилээд хөл хөдөлгөөнтэй байсан ч нарийн ногооноос бусад төмс, байцаа, лууван, манжин гээд хүнсний ногооны үнэ харьцангуй тогтвортой байгааг худалдаачид өгүүлжээ. Захирагчын ажлын албанаас сар шинийн баяр дөхүүлээд нөөцийн махны худалдааг эхлүүлээд байгаа. Нөөцийн мах худалдаанд гарснаар махны үнэ буурч, иргэдийн худалдан авалт ч сайжирч байгааг лангуунд мах жижиглэнгээр худалдаж буй иргэд хотын даргад дуулгажээ. Түүнчлэн сар шинийн өмнө бөөний худалдааг хэд хэдэн удаа зохион байгуулах төлөвлөөд байгаа тул махны үнэ дахиад ч буурах боломжтой гэж хотын дарга мэдэгдсэн байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ