С.Батболд: Би намынхаа шилдэг боловсон хүчинг нэр дэвшүүлсэн
Хүнс хөдөө аж ахуй, байгаль орчны байнгын хорооны хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатарыг томилох эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нэр дэвшигчийн талаархи мэдээлэл хийсэн юм. Түүнийг мэдээлэл хийсний дараа гишүүдийн зүгээс Ерөнхий сайдаас болон нэр дэвшигчээс асуулт асууж, сонирхсон асуултадаа хариулт авсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл “Д.Цогтбаатар та энэ албанд очихоосоо өмнө Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Төрийн албан тушаалтан гэдэг нам бус байх ёстой. Гэтэл та шууд улс төрийн албан тушаалд орж ирж байгаа нь сонирхол татаж байна” гэсэн юм. Түүний асуултад Ерөнхий сайд С.Батболд хариулахдаа “Би өөрийнхөө бүрэн эрхийн дагуу намынхаа шилдэг боловсон хүчний нэгийг энэ албанд нэр дэвшүүлсэн. Д.Цогтбаатар төрийн албанд нэр төртэйгээр олон жил ажилласан хүн гэдгийг онцольё. Төрийн албанаас шууд улс төрийн албанд орж ирж байгаа хэрэг биш. Д.Цогтбаатар Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаа өгсний дараа энэ хүний зөвлөхөөр ажиллаж байсан. Тиймээс төрийн албанаас улс төрийн алба руу шилжиж байгаа хэрэг биш” гэв. Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар мөн Ерөнхий сайдтай ижил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Үүний дараа гишүүд нэр дэвшигчийн талаар байр сууриа илэрхийллээ. Э.Бат-Үүл: Энэ хавар УИХ-ын сонгууль болно. Төрийн албан хаагчид сонгуулийн зохион байгуулна. Төрийн албан хаагчдад та намын даргын хувьд намынхаа нэрийн өмнөөс гавъяаг чинь шагнаж, үнэлнэ шүү гэсэн улс төрийн зарлал хадчихлаа. Өөрөөр хэлбэл, сонгуулиар сайн ажиллавал сайдын суудал өгнө шүү. Сонгуульд ялбал илүү өндөр албан тушаал өгнө гэдэг зүйлийг та төрийн албаныханд хэллээ. Би үүнийг Ерөнхий сайд сонгуулийн өмнө Засгийн газраа сонгуулийн штаб болгож байгаа юм байна. Тиймээс манай бүлэг энэ сайд нарын томилгоог дэмжихгүй. УИХ-ын сонгуулийн өмнө ийм бүтэц, зохион байгуулалтын ажлыг ингэж явуулж болохгүй. Сонгуулийн хууль батлаад бид тэр хуулиа хичнээн их сурталчилсан билээ. Тэгсэн одоо Ерөнхий сайд, намын дарга нь төрийн албан хаагчид илгээмж өгч байна. Та нарыг сонгуулиар сайн ажиллавал албан тушаал өгнө шүү гэж байна. Бид Засгийн газрын үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс гаднаас орж ирж байгаа хоёр сайдын асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлнэ. Гэхдээ чуулганд оролцохдоо дэмжихгүй гэсэн байр сууринаас хандана. Су.Батболд: Зарим асуудал дээр Э.Бат-Үүл гишүүнтэй санал нийлэхгүй байна. УИХ-д олонхи болсон нам дараагийн сонгууль болох гэж байхад ар түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэхээр шамдан ажиллах нь зөв. Энэ богинохон хугацаа үлдсэн үед идэвхитэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Нэр дэвшигчид хандаж хэлэхэд, байгаль орчны салбарыг удирдаж ажиллах гэж байгаа хүн сэтгэлээрээ ажиллах ёстой . Дипломат хүн гээд энэ богинохон хугацаанд аргацааж ажиллабал ажил урагш явахгүй. Тиймээс энэ албанд сэтгэлээрээ ажиллаарай. Энэ мэтчилэнгээр гишүүд нэр дэвшигчийн талаар байр сууриа илэрхийлж, хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатарыг томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж, Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Н.Хүрэлбаатарыг Засгийн газрын гишүүнээр томилох асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Холбогдох байнгын хороонд гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан дээрх хоёр нэр дэвшигчийг Засгийн газрын гишүүнээр томилох эсэх асуудлыг удахгүй хуралдах УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ