Тээврийн цагдаагийн албанаас тэг зогсолтын шалтгааныг тайлбарлав

Өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 15:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын гудамж замд хөдөлгөөний ачаалал үүсэж тээврийн хэрэгслийн эрчим удааширсан шалтгааныг Тээврийн цагдаагийн албанаас тогтоожээ. Ингэхдээ хэд хэдэн хүчин зүйлээс болж олон цагийн түгжрэл үүссэн хэмээн тайлбарлаж байна. Үүнд:
- СХД-ийн нутаг 5-р баазын уулзвараар нийт 28 удаа галт тэрэг явж өнгөрсөн. Тухайн гармыг цас орсны улмаас хааж цасыг цэвэрлэсэн.
- БГД Эрчим хүчний гудамжинд ачааны автомашин шалтгаан тодорхойгүй эвдэрч зогссон.
- Цас орсны улмаас авто зам дээр халтиргаа гулгаа үүсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим удааширсан.
- ХУД-ын ХААИС-ийн зүүн талд ачааны автомашин шалтгаан нь тодорхойгүй эвдэрч зогссон зэрэг шалтгаануудаас үүдэлтэй авто замын түгжрэл саатал бий болсон байна.
Тээврийн цагдаагийн албаны статистикаар өчигдөр нийт 142 байршилд зохицуулалт хийж ажилласан бөгөөд өмнөх өдрүүдээс осол аваар 30 хувиар нэмэгджээ.
Гудамж замын хөдөлгөөн зохицуулалтад нийт 142 цэгт 284 алба хаагч, 68 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд соёлтой, хүлээцтэй хандаж Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ