Бангладешийн ажил хаялт жийнсэн хувцасны үнэ өсөхөд нөлөөлж болзошгүй

img

Бангладешт даавууны үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарласан нь дэлхийн жийнсэн хувцасны зах зээлд ноцтой үр дагавар учруулж болзошгүй гэж argumenti.ru мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Бангладешийн үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарласнаас үүдэн жийнсэн хувцасны хомстол үүсэж, энэ төрлийн хувцасны үнэ нэмэгдэж болзошгүй гэнэ. 

 

"Ажил хаялтын улмаас материалгүй болсон үйлдвэрүүд зогсож, ингэснээр жийнсэн хувцасны нийлүүлэлт тасалдах эрсдэл үүсэж болзошгүй. Ойрын үед  хувцасны зах зээл дээр ноцтой асуудлууд үүснэ" хэмээн "Орос, Азийн үйлдвэрлэгчдийн холбоо"-ны дарга Виталий Манкевич өгүүлжээ.

 

Үйлдвэрийн ажилчид ажил хаялт зарласан Бангладеш улс бөс бараа нийлүүлдэг томоохон улс юм.

 

Бангладешт масс-маркет брендүүдэд бүтээгдэхүүн нийлүүлдэг 3,5 мянган даавууны үйлдвэр ажилладаг. Эдгээрт нийт дөрвөн сая гаруй хүн ажиллаж, үйлдвэрлэсэн барааны 85 хувь буюу 55 тэрбум долларын барааг гадаад орнууд руу экспортлодог аж. Энэ улсын үйлдвэрийн ажилчдын цалингийн доод хэмжээ нь 75 доллар бөгөөд энэ нь инфляци ихтэй улсад амжиргаанд хүрэлцэхгүй мөнгө юм. Улмаар ажилчид цалингаа гурав дахин нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж. 

 

Үйлдвэрийн эзэд цалинг 25 хувиар нэмэх санал тавьсан ч ажилчид энэ саналыг хүлээн аваагүй байна. Одоогоор ажил хаялтад 6000 орчим хүн оролцож, эсэргүүцлийн улмаас 600 үйлдвэр хаагдан, дөрвөн үйлдвэрийг шатаажээ. Сүүлийн долоо хоногт болсон эмх замбараагүй байдлын улмаас хоёр хүн амиа алдсан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ