"Богдан Хмельницкийн батальон" буюу олзлогдсон украин цэргүүд

ОХУ-ын Зэвсэгт хүчин Оросын талд олзлогдсон украин цэргүүдээр батальон бүрдүүлж, тэднийг Орос улсад үнэнч байх тангараг өргүүлэн, дайнд илгээхээр зэхэж байгаа гэнэ. Энэ талаарх мэдээллийг Фокус сонин дамжуулжээ. Украины Тагнуулын Ерөнхий газрын мэдээлснээр, украин цэргүүдэд дарамт шахалт үзүүлэн Оросын талд элсүүлсэн бөгөөд тэд фронт руу очвол Украин руу буцахын тулд "Амьдрахыг хүснэ" төслийн зохицуулагчдад хандан тусламж гуйх боломжтой болох гэнэ.
Украин олзны цэргүүдээс бүрдсэн "Богдан Хмельницкийн батальон" ОХУ-д үнэнч байх тангараг өргөж, ойрын үед фронт руу явахаар зэхэж байгаа талаар Дайн судлалын хүрээлэн мэдээлжээ. Энэ батальон хүлээн зөвшөөрөгдөөгүй Бүгд Найрамдах Донецк Улсын "Каскад" нэгтгэлийн бүрэлдэхүүнд үйл ажиллагаа явуулах бөгөөд тэднийг Донецк, Запорожийн хилийн орчмын бүс рүү илгээж магадгүй аж.
Оросын талд олзлогдсон украин цэргүүд Оросын цэргүүдэд олгогддог цалин хөлс, хөнгөлөлтийг эдлэнэ гэж Дайн судлалын хүрээлэн мэдээлжээ.
АНУ-ын Дайн судлалын хүрээлэн 10 дугаар сарын сүүлээр гаргасан тайланд, ОХУ Украины 70 цэргийн алба хаагчийг олзолж, улмаар "Богдан Хмельницкийн батальон" байгуулсан аж.
Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын төлөөлөгч Андрей Юсовын онцолсноор, олзны цэргүүдээс бүрдсэн батальоныг байгуулна гэж Орост жилийн өмнө л ярьж байсан ч төлөвлөгөөгөө биелүүлэхэд багагүй хугацаа шаардагджээ.
Украины талын мэдэгдэж байгаагаар, Оросын талд олзлогдсон украин цэргүүд дарамт шахалтад өртөж байгаа, энэ талаар Украины эрх баригчид Улаан загалмайн хороонд албан ёсоор мэдээлсэн аж.
"Энэ бол Женевийн конвенцийг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Олзны цэргүүд дарамтад өртөж байгаа. Оросын тусгай албад хувь хүнийг хэн ч биш болгохын тулд хэлмэгдүүлэх, дарамтлах маш олон аргатай байдаг. Үүнтэй холбоотой хэрэг болгоныг манай тал мөрдөн шалгана" хэмээн Тагнуулын Ерөнхий газрын төлөөлөгч Юсов онцолжээ.
Женевийн конвенцид зааснаар, нэг ч олзны хүнийг байлдааны бүсэд галд оногдож болзошгүй бүсүүдэд байршуулах, тийш нь илгээхийг хориглодог аж.
Хэдийгээр Украины цэргүүд олзлогдож, Оросын талд байлдахаар элссэн ч Украины Тагнуулын ерөнхий газраас Оросын цэргүүд олзлогдоход туслах зорилгоор хэрэгжүүлдэг "Амьдрахыг хүснэ" төслийн зохицуулагчдад хандан тусламж гуйж болох гэнэ.
"Энэ тохиолдолд ОХУ-ын армийн бүрэлдэхүүнд орсон манай олзны цэргүүд цэргийн алба хаагчид гэж тооцогдох тул "Амьдрахыг хүснэ" төсөлд хандах эрхтэй. Энэ төслийн багт хандсан хүн бүр Украины хууль тогтоомж болон олон улсын эрхзүйн хүрээнд хамгаалагдана. Төсөл ОХУ-ын бзх цэргийн алба хаагчдад зориулсан. Дайчид түрэмгийлэгч орны зүгээс тархи угаах, дарамт үзүүлэх үйлдлийн хохирогч болсон бол төсөлд хандах хэрэгтэй" хэмээн Юсов онцолжээ.
Үзэл суртэл болон сүрдүүлэг
Украины Зэвсэгт хүчний бэлтгэл хурандаа Олег Ждановын өгүүлснээр, олзны цэргүүдээс хороо, батальон бүрдүүлэх нь цэргийн урлагийн түүхэнд ихээхэн дэлгэрсэн арга аж. Сөргөлдөөнд оролцогч аль нэг тал эзлэн түрэмгийлэгдсэн нутгийн оршин суугчид эсвэл олзны цэргүүдийг элсүүлэх гэж байнга хичээдэг хэмээн тэрбээр онцолжээ. Ийм арга хэрэглэснээр, өөр нэг орны эсрэг дайн өдүүлсэн орон дайны хохирогч болж байгаа улс орны иргэд ч дайн өдөөгч орны үйлдлийг дэмжиж байгаа гэж иргэд болон олон улсад харуулахыг зорьдог аж.
Оросын талын армид элсүүлж буй олзны цэргүүдтэй тусгай мэргэжилтнүүд ажилладаг аж. Тэд тест хийж, тухайн хүнд итгэж болох эсэхийг шалгадаг. Үүний зэрэгцээ үзэл суртлын ухуулга хийж, үүн дээр нэмээд санхүүгийн баталгаа өгдөг гэж Жданов онцолжээ.
"Ийм системийг хуурах амаргүй, бид ч гэсэн олзны хүмүүстэй ингэж ажиллан, манай талд орохыг ятгадаг. Гэхдээ Орос биднээс ялгаатай нь олзны цэргүүдийг цусанд хутгадаг. Өөрөөр хэлбэл тухайн хүнийг гэмт хэрэг үйлдэхийг шахаж, гэмт үйлдлийг нь камераар бичиж авдаг. Олзны хүн зугтах эсвэл урвах гэвэл мэдээллийг задлана. Тэд ийм л арга ашигладаг" хэмээн Жданов өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ