Нийслэлийн иргэд “Дэлхийн хотуудын жишгээр Улаанбаатар хот түүхэндээ анх удаа бонд гаргалаа” гэсэн реклам сурталчилгааг хаа нэгтээ харсан байх. “Улаанбаатар бонд”-оос нийтдээ 500 тэрбум, эхний ээлжинд 277.8 тэрбумыг босгож, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэх нь Д.Сумъяабазарын амбиц байв. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж, анхны арилжаагаа эхлэхийн даваан дээр Д.Сумъяабазарын суудал өнцөгдөж, “но”-той ногоон автобусны асуудал дэгдсэн. Ингээд “ёсзүйн өндөрлөг”-өө барьсан Д.Сумъяабазар хотын даргын суудлаас бууж, түүний албан тушаалын амбиц болсон бондын асуудал ч намжив.
Түүний араас хотын даргын суудалд суусан Х.Нямбаатар экс дарга Д.Сумъяабазарын амбицыг гүйцэлдүүлэхийг хүссэнгүй. Нийслэлд одоогоор энэ хэмжээний өр хэрэггүй хэмээн “Улаанбаатар бонд”ы-г зогсоов. Ингэснээр Д.Сумъяабазарын амбицтай хамт нийслэлийн төсвийн 23 сая төгрөг салхинд хийслээ.
Нийслэлийн бонд гаргах бэлтгэл ажлын зардалд нийт 1.1 тэрбум төгрөг төсөвлөж байснаас Д.Сумъяабазарын баг реклам сурталчилгаанд 23 сая төгрөгийг зарцуулжээ. Харин Х.Нямбаатар бондын судалгаа хийсэн хүч хөдөлмөрийг ч, олон нийтэд таниулахын тулд зарцуулсан хөрөнгийг ч юман чинээ бодсонгүй, хойш нь тавилаа.
Харин Д.Сумъяабазарынхаас илүү үр өгөөжтэй бонд босгохоор ажлын хэсэг гаргаснаа НИТХ-ын хуралдааны үеэр хэллээ. Тэрбээр энэ тухай “Бид үр өгөөж муутай, өндөр хүүтэй гэдэг утгаар бонд гаргахаа зогсоосон. Хууль эрхзүй, газар чөлөөлөлт, ТЭЗҮ зэрэг үндсэн нөхцөл бүрдсэн тохиолдолд гадны байгууллагатай хамтран ирэх жилээс бонд гаргахаар, ажлын хэсэг техникийн зөвлөгөө аваад, ажиллаж эхэлсэн. Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны хүүгээс илүүгүй буюу 8.65 хувиас доош байдлаар эх үүсвэр босгохоор бэлтгэл ажил хийгдэж байна” гэсэн мэдээллийг өгөв.
Төрийн ажил залгамж халаагаар үргэлжлэх ёстой. Гэвч өмнөх даргын ажил үр ашиггүй гэсэн шалтгаанаар зогслоо. Магадгүй ногоон автобусны “но” илрээгүй бол Д.Сумъяабазар бондоо үргэлжлүүлж, хөрөнгө татан төвлөрүүлэх байсан. Тэр нь нийслэлд үр ашиггүй өр болох байсныг өнөөгийн дарга Х.Нямбаатар хэлээд өглөө.
Д.Сумъяабазарын бондыг зогсоосон нь аз уу, эз үү гэдгийг цаг хугацаа болоод, Х.Нямбаатар ажлын үр ашиг харуулна биз ээ.
Б.Хэрлэн
Уншиж байна |