Сүүлийн 30 жилийн хугацаанд мафийн хэрэгтэй холбогдуулан явуулсан хамгийн том шүүх ажиллагаа даваа гарагт Италид өндөрлөсөн талаар ВВС агентлаг мэдээллээ.
Тодруулбал, Италийн Калабри мужийн Ндрангета мафитай холбоотой 207 хүнийг Италийн шүүх гэм буруутай гэж үзэн тэдэнд ял оноосон байна. Ингэснээр Калабари мужийн өмнөд хэсэг дэх Ламеци-Терме хотод тусгайлан барьсан барилгад явагдсан гурван жилийн шүүх хурал өндөрлөсөн юм. Шүүх хурлыг явуулахаар тусгайлан барилга барьсан нь аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авах, түүнчлэн 350 шүүгдэгч, 400 өмгөөлөгч, 900 гэрчийг багтаах зорилготой байжээ.
Шүүх хурлын дүнгээр 131 хүнийг цагаатгаж, үлдсэн хүмүүст нийтдээ 2200 жилийн хорих ял оноосон байна. Нэг л ялын тогтоолыг уншихад цаг гаруйн хугацаа шаардагдсан гэж эх сурвалж мэдээлжээ.
Ндрангета мафи нь Сицилийн Коза Ностра эсвэл Неаполитаны Каморратай харьцуулахад нэр алдар нь бага түгсэн ч дэлхийн хамгийн хүчирхэг, чинээлэг, нөлөө бүхий гэмт хэргийн бүлэглэлүүдийн нэг юм. Энэ бүлэглэл Сицилийн мафи нөлөөллөө алдахын хэрээр эрх мэдлийг гартаа авч, өнөөдөр Европ руу нийлүүлэх кокаины нийлүүлэлтэд бүрэн монополь тогтоожээ. Ндрангета мафи Хойд болон Өмнөд Америк, түүнчлэн Африкт баазтай. Шүүхийн өмнө зогссон гэмт буруутнууд Европын олон орон, Бразил, Эквадор, Ливанаас баривчлагджээ.
Харин мафийн толгойлогч Луижи Манкузог пүрэв гарагт бусад олон гишүүнийнх нь хамт шүүгээгүй, хэт аюултай тул түүнд тусгайлсан шүүхийн ажиллагаа товложээ. Харин түүний хамаатан Эмануэле Манкузо шүүх хурлын гол "од" болсон гэх бөгөөд түүнийг цаашид мафийн гишүүд дарамтлах, түүнээс өшөө авах зэрэг болзошгүй бүхий л аюулаас хамгаална гэж цагдаагийнхан амалсны хариуд Эмануэле мафийн бүхий л нууцыг задласан байна.
Энэ мафийг мөрдөн шалгах ажил 2016 онд эхэлж, Италийн 11 бүс нутагт өрнөжээ. Мафийн шуурхай төв нь Вибо-Валентия хэмээхэн жижигхэн хот байсан аж. Италийн цагдаагийн газрын элитийн тасаг гэмт хэрэгтнүүдийг нууц газруудаас нь хайсан гэнэ. Тухайлбал, энэ мафийн Пабло Эскобар гэсэн хочтой болсон Паскуале Марандогийн бункер гэхэд л Аспроменте ууланд байдаг, пиццаны тусгай зуухаар дамжин энэ бункер руу ордог байжээ.
Аспроменте ууланд Ндрангета мафийн олон толгойлогчийн нуувч байсан аж. Тэд гадаад ертөнцтэй бараг холбогддоггүй, гэхдээ л Латин Америк, Африк, Европ дахь үйл ажиллагаагаа хянадаг байж.
Ндрагентагийн үйл ажиллагаа
Энэ бүлэглэл Вибо-Валенти дахь эдийн засаг болон улс төрийн амьдралыг бүрэн хядаг байж. Нутгийн хүн ам санхүүгийн хамаарлаас гарахад нь туслахуйц аливаа эдийн засгийн санаачилгыг Ндрангета мафи нухчин дарж, өөрийн хамсаатан, гишүүдээ төрийн албанд шургуулж, хүн амыг айлган дарамталдаг байсан гэнэ.
Тэднийг эсэргүүцэх хэн нэгэн гарвал мафийн гишүүд үүдэнд нь гөлөг, далайн гахайн сэг, ямааны тасдсан толгой хаяж, эсэргүүцсэн хүмүүсийн албан байр, дэлгүүрийн цонхыг хагалж, машиныг нь шатаадаг байв. Ингээд ч зогсохгүй байгаа хүмүүсийг барьцаалж эсвэл хөнөөдөг байжээ.
Мафийнхан зэвсгээ оршуулгын газарт нууж, түргэн тусламжийн машинаар хар тамхиа зөөж, нутгийн ундны усны нөөцийн ойролцоо марихуан тарьж ургуулдаг байсан зэрэг мэдээллийг шүүх дээр гэрчүүд өгсөн байна.
Ндрагента мафийн нөлөөлөл 1970-аад оноос эхлэн өсчээ. Тухайн үед мафийнхан барьцаалсан хүмүүсийн ар гэрээс нэхэж олсон мөнгөө улсын барилгын төсөл, хар тамхины наймаанд оруулснаар тэдний нөлөөлөл өссөн байна.
Eurispes
Энэ мафийг дэлхийн хамгийн баян гэмт хэргийн бүлэглэлүүдийн нэг гэж үздэг. 2008 онд Италийн Eurispes судалгааны группээс гаргасан тайланд Ндрангетагийн жилийн эргэлт 44 тэрбум евро хэмээсэн байсан бөгөөд энэ нь тухайн үеийн Италийн ДНБ-ийн гурван хувийг эзлэж байв. 1992-2007 оны хооронд Италийн бүхий л гэмт хэргийн байгууллагаас нийт 5,2 тэрбум еврогийн хөрөнгө хурааж авсны 231 сая нь Ндрагентагийнх байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |