Онгоцтойгоо хамт Зөвлөлтөөс зугтаж байсан нисгэгч таалал төгжээ
2023-11-21

Одоогоос 47 жилийн өмнө цэргийн онгоцоор Зөвлөлтөөс зугтаж байсан нисгэгч АНУ-д 76 насандаа таалал төгсжээ. Энэ талаарх мэдээллийг Нью-Йорк Таймс сонин дамжуулсан байна. 

 

1976 онд шинэ сөнөөгч онгоц МиГ-25П-г жолоодон, Япон руу зугтсан Зөвлөлтийн нисгэгч Виктор Беленко 1980 онд АНУ-ын иргэншил авсан бөгөөд энэ оны есдүгээр сарын 24-ний өдөр ахмадын асрах байранд нас барсан ч мэдээлэл нь саяхан гарчээ. Тэрээр АНУ-д онгоцны компани, холбооны агентлагуудад зөвлөхөөр ажиллаж байсан аж. 

 

Ахлах дэслэгч Виктор Беленко 1976 оны есдүгээр сарын зургааны өдөр МиГ-25П сөнөөгч онгоцоор Япон руу нисэж, Хоккайдо арлын нисэх буудал дээр газардсан аж. Ингээд тэрбээр Зөвлөлт Холбоот Улсын нууц онгоцыг АНУ-ын тусгай албадад өгчээ. Энэ онгоцыг Зөвлөлт Холбоот Улс  руу буцаасан ч америкчууд онгоцны бүхий л технологитой танилцсан гэж ЗХУ үздэг байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин