Дэлхийн олон хотууд ирэх сард болох Зул сарын баярт бэлтгэн, баярын уур амьсгал оруулсаар байна. Энэ удаад Францын нийслэл Парис хот Зул сард бэлтгэн, экологид ээлтэй гэрлэн чимэглэлээр Елисейн талбайг чимжээ.
Евроньюс агентлагийн мэдээлснээр, Парис хотын дарга Анн Идальго, Елисейн талбайн хорооны ерөнхийлөгч Марк-Антуан Жаме нар энэ жилийн зул сарын баярын гэрлэн чимэглэлийг экологид ээлтэй, эрчим хүчний зарцуулалт бага гэрлээр сольсон байна. Хотын даргын өгүүлснээр, Елисейн талбайд асаж буй гэрлэн чимэглэлийн эрчим хүчний зарцуулалт нь дөрвөн ам бүлтэй айлын байрны эрчим хүчний зарцуулалттай тэнцэх гэнэ.
Парис хот 2007 оноос эхлэн байгальд ээлтэй, эрчим хүчний зарцуулалт багатай чимэглэлд ихээхэн анхаарах болж, тоног төхөөрөмж, хангамжийг өөрчилснөөр эрчим хүчний зарцуулалтыг 98 хувиар бууруулж чадсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |