Израил олзны хүмүүсийг суллагдсаны дараа ч Газа дахь ажиллагаагаа үргэлжлүүлнэ
2023-11-21

Өнгөрсөн сарын долооны өдөр ХАМАС  бүлэглэл Израил руу гэнэт халдаж, 1300 гаруй хүний аминд хүрсний дээр 200 гаруй хүнийг барьцаалсан юм. Үүний хариуд Израил ХАМАС-т дайн зарлаж, Газын зурвасыг бөмбөгдөж эхэлсний дээр 10 дугаар сарын сүүл үеэс эхлэн хуурай замын цэргийн ажиллагааг энэ бүс нутагт явуулж байна. 

 

Израилын эрх баригчид Газын зурвас дахь ажиллагаагаа олзны хүмүүсийг бүгдийг суллах хүртэл үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байсан бол энэ удаад олзны хүмүүс суллагдсаны дараа ч ХАМАС бүлэглэлийн эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. Ийм мэдэгдлийг Израилын онц цэргийн танхимын сайд, өмнө нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Бени Ганц "Галей ЦАХАЛ" радиогоор дамжуулан хийсэн байна. 

 

"Олзны хүмүүсийг суллахын тулд түр завсарлага авсан ч гэлээ бид ажиллагаагаа дахин сэргээж, дайсны талд бүхий л чадлаараа цохилт өгнө. Одоогоор ажиллагаа өргөжин, хүчирхэгжиж, гүнзгийрч байгаа" хэмээн Бени Ганц мэдэгджээ.

 

Израилын талын мэдээллээр, ХАМАС бүлэглэлд 240-250 хүн олзлогдсон бөгөөд тэднийг суллахаар талууд АНУ, Катар зэрэг орнуудын зуучлалтайгаар хэлэлцээ хийж байгаа юм. Энэ хэлэлцээрт ахиц гарч, ХАМАС бүлэглэл түр хугацаанд гал зогсоосны хариуд эхний ээлжийн хүмүүсийг суллахад бэлэн гэж мэдэгдсэн талаарх мэдээлэл гарсан ч үүний дараа энэ мэдээллийг талууд няцааж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин