ХАМАС-ын барьцаанд байсан хүмүүс олзонд байх үеийн нөхцөл байдлын талаар ярьжээ
2023-11-29

Палестины ХАМАС бүлэглэл өнгөрсөн сарын долооны өдөр Израил руу халдах үеэрээ 240 орчим хүнийг барьцаалсан. Улмаар дайн эхэлснээс сар гаруйн дараа сөргөлдөгч талууд Египет, Катарын зуучлалтайгаар хэлэлцээ хийж, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас эхлэн гал зогсоож, даваа гарагт эвлэрлийн хугацааг дахин сунгасан юм. Эвлэрэл зарлах гол зорилго нь ХАМАС болон бусад бүлэглэлүүдэд барьцаалагдсан хүмүүсийг суллах ажил байсан бөгөөд энэ хүрээнд суллагдсан хүмүүс ХАМАС-ын олзонд байх үеийн нөхцөл байдлын талаар ярьсан гэж ВВС агентлаг мэдээлжээ. 

 

Олзноос суллагдсан хүмүүсийн ярьснаар, хүмүүсийг газар доорх хонгил, гэрэлтүүлэг муутай өрөөнүүдэд хорьж байсан гэнэ. Тэднийг нууцаар хоорондоо зурвас солилцохоос сэргийлж, харандаа, бал зэргийг хураан авч байсан аж.

 

"Охид заримдаа уйлдаг байсан. Үнэхээр хүнд байлаа. Бид вандан сандал дээр даавуу нөмөрч унтдаг байсан. Харин хөвгүүд сандал доор унтдаг байлаа" хэмээн ХАМАС-ын олзноос суллагдсан 78 настай Рути Мундер өгүүлжээ.

 

Түүний өгүүлснээр, өдөр бүр өөр хэмжээтэй хоол өгдөг байсан гэнэ.

 

Анх түүнд будаатай тахиа, цайг өдөрт хоёр удаа өгдөг байсан гэж Рути Мундер өгүүлжээ. Харин олзноос суллагдсан өөр хүмүүсийн ярьснаар, хоол маш бага, лаазалсан хүнс, давсалсан бяслаг өгдөг байсан хэмээн ярьсан бол зарим хүмүүсийн ярьснаар оройхон хоёр зүсэм талх өгдөг байсан хэмээн ярьсан байна.

 

Олзноос суллагдсан хүүхдүүдийг асарч байгаа хүмүүсийн өгүүлснээр, ХАМАС-т олзлогдсон аймшигт сорилтыг давсны ул мөр хүүхдүүдэд янз бүрээр илэрч байгаа гэнэ. Беэри тосгоны оршин суугчийн өгүүлснээр, хоёр охин олзонд байх үед нь барьцаалагчид чимээгүй байхыг тушаадаг байсан тул өнөө хэр нь шивнэж ярьдаг хэвээрээ байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин