ХАМАС олзлогдсон эрчүүдийг өндөр албан тушаалын палестинчуудаар солино
2023-11-30

ХАМАС, Израил сар гаруй хугацаанд дайтсаны эцэст хэлэлцээ хийж, ХАМАС-т олзлогдсон хүмүүсийг Израилын шоронгуудад хоригдож буй палестинчуудаар солилцох, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Энэ хүрээнд шат дараатайгаар олзны хүмүүсийг суллаж байгаа юм. 

 

Эхний ээлжинд олзноос эмэгтэйчүүд, хүүхдүүдийг суллаж байгаа бол цаашлаад олзлогдсон эрчүүдийг суллах асуудлыг авч хэлэлцэхэд ХАМАС бэлэн байгаа гэж The Wall Street Journal сонин мэдээлсэн байна. Сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжийн өгүүлснээр, Израилын шоронгуудад хоригдож байгаа хэд хэдэн өндөр албан тушаалтныг суллавал ХАМАС олзноос эрчүүдийг суллахад бэлэн байгаа аж. 

 

WSJ сонины мэдээлснээр, холбогдох хэлэлцээрийг Египет, Израил, Катарын төлөөлөгчид Доха хотод хийж байгаа гэнэ. Нэрээ нууцалсан Египетийн албан тушаалтны өгүүлснээр, олзноос эрчүүдийг суллахаас гадна Газын зурваст одоо үйлчилж буй эвлэрлийн хугацааг сунгах боломжийн талаар хэлэлцээж байгаа аж.

 

Эргэн сануулахад, ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израил руу гэнэт халдаж, олон хүний амийг хөнөөсний дээр 240 орчим хүнийг олзолсон. Үүнээс сар гаруйн дараа, 11 дүгээр сарын 22-ны өдөр сөргөлдөгч талууд Катар, Египетийн зуучлалтайгаар хэлэлцээ хийж, түр хугацаанд гал зогсоох тохиролцоонд хүрч байв. Энэ хугацаанд олзны хүмүүсийн хариуд палестин хоригдлуудыг Израилын шоронгоос суллахын дээр Газын зурваст хүмүүнлэгийн тусламж оруулах юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин