Израил хил дээр буфер бүс байгуулна
2023-12-04

Палестины ХАМАС бүлэглэл 10 дугаар сарын долооны өдөр Израилын өмнөд хэсэг рүү гэнэт дайрч, 1300 орчим хүнийг хөнөөж, 242 хүнийг барьцаалан одсоны хариуд Израилын тал дайны байдал зарлаж, ХАМАС бүлэглэлийг устгах зорилгоор Газын зурваст цохилт өгч эхэлсэн. Улмаар 10 дугаар сарын сүүлээр хуурай замын цэргийн ажиллагааг эхлүүлэн, Газын зурвас дахь объектуудыг эзлэж эхэлсэн юм. 

 

Байлдааны ажиллагаа 11 дүгээр сарын сүүлээр найм хоног зогссон. Энэ нь Катар, Египетийн зуучлалтайгаар хийсэн хэлэлцээрийн үр дүн байсан бөгөөд энэ хэлэлцээрийн үеэр олзны хүмүүсийг суллах, Газын зурваст хүмүүнлэгийн тусламж оруулах зорилготой байв. Ингээд найм хоног үргэлжилсэн түр эвлэрлийн хугацаа дууссанаар 12 дугаар сарын нэгний өдөр Израилын арми байлдааны ажиллагаагаа сэргээсэн юм. 

 

Өнөөгийн дайн ХАМАС бүлэглэлийг бүрэн устгах зорилготой ч ирээдүйд дахин халдлага гарч болзошгүй гэж үзсэний улмаас Израилын тал буфер бүс байгуулахаар төлөвлөж байгаа аж. Ройтерс агентлагийн мэдээлснээр, дайн дууссаны дараа дахин халдлага гарахаас сэргийлж, Газын зурвастай хиллэдэг Палестины нутаг дээр Израил буфер бүс байгуулах төлөвлөгөөг Египет, Иордан, Арабын Нэгдсэн Эмират Улстай хэлэлцжээ. 

 

Израилын Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх офир Фалькийн мэдэгдсэнээр, ХАМАС-ыг устгах, Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, хэт даврагчдыг үгүй хийх төлөвлөгөөний нэг хэсэг нь буфер бүс байгуулах ажил гэнэ. Буфер бүс байгуулах төлөвлөгөө нь улс төрийн биш харин аюулгүй байдлын талбарт авч буй арга хэмжээ гэж Израилын тал мэдэгджээ.

 

Газын зурвас дотор буфер бүс байгуулах талаар Израил өмнө нь санал болгож байсан. Гэхдээ үүнийг дайны дараа Газын зурвасын аюулгүй байдлын цаашдын төлөвлөгөөний нэг хэсэг гэж танилцуулж байв. Харин ийнхүү буфер бүс байгуулснаар Израил 1948 оны үйл явдлыг давтаж, Газын зурвасаас палестинчуудыг шахан гаргахаар эрмэлзэж байна гэж Иордани, Египет улс болгоомжилж байгаа юм.

 

Израилын тал палестинчуудыг шахах бодолгүй байгаа гэж мэдэгдэж байсан. Мөн буфер бүс байгуулахтай холбоотойгоор Египет, Саудын Араб, Ката, Турк албан ёсоор мэдэгдэл хийгээгүй байна. Харин АНЭУ мэдэгдэл хийхдээ сөргөлдөгч талууд тохиролцох дайны дараах тохиролцоог дэмжинэ гэж онцолжээ.

 

Энд дуулгахад, сөргөлдөгч талууд сар гаруй хугацаанд дайтсаны эцэст 11 дүгээр сарын сүүлээр Египет, Катарын зуучлалтайгаар тохиролцоонд хүрч, найм хоногийн хугацаанд гал зогсоосон. Энэ хугацаанд ХАМАС Израилын 80 иргэн, 24 гадаадын иргэн гээд нийт 104 хүнийг олзноос сулласны хариуд Израил Палестины 240 хоригдлыг шоронгоос сулласан бөгөөд эдгээр нь эмэгтэйчүүд болон хүүхдүүд байсан юм. Дайн эхэлснээс хойш Израилын 1300 гаруй энгийн иргэн, Газын зурваст 14 мянга орчим энгийн  иргэн амиа алджээ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин