Израилын арми түргэн тусламжийн машин руу буудсаны улмаас хоёр эмч шархаджээ
2023-12-04

Газын зурваст дайн эхэлснээс хойш Израилын арми түргэн тусламжийн машинууд руу буудаж, халдаж байгаа талаарх мэдээлэл олон гарч, Израилын тал тухай бүр мэдэгдэл хийхдээ ХАМАС-ын алан хядагчид эмнэлгийн машиныг дайчид, зэвсэг зөөх зориулалтаар ашиглаж байгаа хэмээн тайлбарлаж байлаа. Харин Улаан загалмай, Улаан хавирган сар зэрэг олон улсын байгууллагууд үүнийг няцааж, тус байгууллагуудын эмнэлгийн машин удаа дараа халдлагад өртсөн талаар мэдэгдэж байв. 

 

Энэ удаад ч Израилын цэргүүд Газын зурвасын хойд хэсэгт түргэн тусламжийн хоёр машин руу буудсаны улмаас хоёр эмч, нэг өвчтөн шархадсан гэж Палестины Улаан хавирган сар нийгэмлэгийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Эмч нар өвчтөнийг зөөж явах үед Израилын цэргүүд буудсан гэж Улаан хавирган сар мэдэгджээ. 

 

Түүнчлэн, Израилын цэргүүд түргэн тусламжийн машинуудыг байнга зогсоож, нэгжиж байгаа, үүний улмаас эмч нар шархадсан хүмүүс дээр цаг алдалгүй очиж, тусламж хүргэх боломжгүй байгаа талаар Улаан хавирган сар нийгэмлэг онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин