Малайзад тугалыг нь мөргөсөн жолооч руу сүрэг заан дайрчээ
2023-12-04

Малайзын хөдөлгөөн ихтэй замаар зорчиж явсан нэгэн машин руу сүрэг заан дайрчээ. Ийнхүү халдсаны учир нь сүрэгт явсан тугалыг машин мөргөхийг заанууд харсан байна. 

 

The Mirror сонины мэдээлснээр, ням гарагийн үдэш гэр бүлийн гурван хүн машинтайгаа Пенанг арлаас Терренган муж руу зорчиж явжээ. Бороо орж, манан буусан тул зам дээр гарч ирсэн зааны тугалыг жолооч анзааралгүй мөргөсөн байна. Үүний дараа замын орчимд байсан сүрэг заан машин руу дайрч, дэвсэлж эхэлжээ. 

 

Ийнхүү машин руу дайрч, дэвслэх зуур зааны тугал өндийж, босож ирсний дараа л уурссан заанууд тайвширсан гэнэ. Ингээд сүрэг заан машинаас холдон явжээ. Заанууд дайрсны улмаас машины урд болон хойд хэсэг ноцтой гэмтэж, бүх цонх, хаалга эвдэрсэн ч дотор нь зорчиж явсан хүмүүс азаар эсэн мэнд үлджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин