Энэтхэгийн Гоа мужид селфи хийхийг хоригложээ
2023-12-04

Энэтхэгийн Гоа мужид жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс наран шарлагын газруудад шинэ журам тогтоожээ. Жуулчлалын улиралд усанд унаж, амиа алдсан хүний тоо буурахгүй байгаа тул наран шарлагын газруудад "аюулгүй сэлэх бүс", "селфигүй бүс" тогтоосон талаар Hindustan Times сонин мэдээлсэн байна.

 

Гоа мужийн Засгийн газрын төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, сэлэхэд аюулгүй бүсүүдийг тогтоохын тулд тэнгисийн аврагчид өглөө бүр тэнгисийн газрын зураг болон цаг агаарын мэдээллийн анхааруулгыг шинэчлэх болсон аж. Энэ арга хэмжээ нь аялал жуулчлалын улиралд ихээхэн тохиолддог, наран шарлагын бүсэд байнга гардаг золгүй явдлуудаас урьдчилан сэргийлэх зорилготой гэнэ.

 

Усанд сэлэх аюулгүй бүс гаргаснаас гадна селфи хийхийг хориглосон бүсүүдийг ч тогтоосон байна. Ийм бүс тогтоох болсон нь селфи хийх гэснээсээ болж усанд осолдох тохиолдол олон гардаг бөгөөд энэ онд гэхэд л селфи хийх гэж байгаад усанд унасан 392 хүнийг аврагчид аварчээ. 

 

Улмаар Гоа мужийн эрх баригчид жуулчдыг шинэ дүрэм журмыг баримталж, аврагчдын зааварчилгааг ёсчлон биелүүлэхийг уриалсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин