Израил Газын зурвас дахь эмийн хоёр агуулахыг нэн даруй нүүлгэхийг ДЭМБ-аас шаарджээ
2023-12-05

Газын зурваст Израилын тал явуулж буй цэргийн ажиллагааны улмаас олон улсын байгууллагууд ихээхэн хүндрэлтэй тулгарсаар байгаа юм. Энэ удаад Газын зурвас дахь эмийн агуулахаа яаралтай нүүлгэхийг Израил шаардсан гэж ДЭМБ мэдэгджээ. 

 

Тодруулбал, Газын зурвасын өмнөд хэсэгт байх эм бэлдмэлийн хоёр агуулах цэргийн ажиллагааны үеэр сүйдэж болзошгүй тул 24 цагийн дотор нүүлгэн шилжүүлэхийг Израилын арми шаардсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. 

 

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Гебрейесус энэ талаар мэдэгдэл хийхдээ Израилын талд хандан энэхүү шаардлагаа цуцалж, энгийн иргэд, эмнэлэг, хүмүүнлэгийн байгууллагуудыг хамгаалах боломжит бүхий л арга хэмжээ авахыг уриалсан байна. 

 

Харин энэ мэдээлэл гарсны дараа Израил 24 цагийн дотор агуулах нүүлгэх шаардлага тавиагүй гэж мэдэгджээ.

 

"Үнэндээ бид та бүхэнд эдгээр агуулахыг нүүлгэн шилжүүлэх хүсэлт тавиагүй. Бид энэ талаар НҮБ-ын холбогдох байгууллагуудад тодорхой мэдээлсэн" хэмээн Израилын Засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин