The Economist: АНУ Израилыг оноос өмнө дайнаа дуусгахыг хүсчээ
2023-12-11

АНУ-ын эрх баригчид шинэ он гэхэд Газын зурвас дахь цэргийн ажиллагаагаа зогсоох хэрэгтэй гэж Израилын талд хэлсэн гэж  The Economist холбогдох эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Израилын арми цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэх хэдий ч эрч нь буурч, хуурай замын хүчнээ голлон тулгуурлах аж. Нөхцөл байдал ингэж эргэвэл Палестины ХАМАС бүлэглэл Газын нэг хэсгийг хянасан хэвээр байна гэж  The Economist бичжээ.

 

Сэтгүүлд мэдээлэл өгсөн эх сурвалжийн өгүүлснээр, шинэ оноос өмнө дайныг зогсоох шаардлагатай тухай Америкийн эрх баригчдын байр суурийг Энтони Блинкен саяхан Израилд айлчлахдаа Израилын талд дамжуулсан байна. Хэдийгээр израилчуудад ямар нэг хугацаа тавьсан гэсэн мэдээллийг хоёр тал олны өмнө үгүйсгэж байгаа ч Палестины хүн амыг хамгаалахад илүү их хүчин чармайлт авч хэрэгжүүлэхийг АНУ Израилаас шаардаж байгаа гэж эх сурвалж онцолжээ. 

 

Эргэн сануулахад, ХАМАС, Израилын дайн 10 дугаар сарын долооны өдөр эхэлж, Израилын тал 1,4 мянга, Палестин 17 мянган хүнээ алдаад байгаа юм. Талууд сар гаруй байлдсаны эцэст 11 дүгээр сарын сүүлээр хэд хоног гал зогсоож, ХАМАС бүлэглэлд олзлогдсон хүмүүсийн талыг Палестины хоригдлуудаар солилцож байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин