
Сомалид үйл ажиллагаа явулдаг хүмүүнлэгийн байгууллагын хоёр ажилтныг тус улсад лалын зэвсэгт бүлэглэл гурван сарын өмнөөс барьцаалаад байсан юм.
Тэднийг өчигдөр АНУ-ын тэнгисийн муурнууд буюу Тэнгисийн цэргийн элитийн хүчний дайчид тусгай ажиллагаа явуулан зэвсэгт этгээдүүдийн гараас амжилттай сулласан байна.
Дани улсын иргэн 60 настай Пул Тистед болон АНУ-ын иргэн 32 настай Жессика Бучанан нар Сомалид өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд өлсгөлөнд нэрвэгдсэн нутгуудаар тусламжийн хүнс, эм эмнэлгийн материал түгээх ажилд оролцож яваад зэвсэгт этгээдүүдэд барьцаалагдсан юм.
Тэдэнтэй хамт барьцаалагдсан нэлээд хэдэн гадаадын иргэдийг хөрөнгө мөнгө, зэвсэг хэрэгслээр солилцох хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа зэвсэгт бүлэглэлийнхэн хороогоод байсан юм. Тиймээс Пентагон яаралтай арга хэмжээ авч Тэнгисийн муурнуудыг илгээсэн байна.
Тэнгисийн муурнууд уржигдар Улаан тэнгис дэх АНУ-ын тэнгисийн цэргийн хөлөг онгоцноос нисдэг тэргээр Сомалийн агаарын хилийг давсан ба дээрх барьцаалагдсан иргэдийг хорьж байсан газарт шөнө дунд буусан байна.
Сомалийн нутгийн төв хэсэгт орших Галкайо хэмээх сууринд барьцаалагчдыг олон арван дайчдын харуул хамгаалалт дор хорьж буйг америкчууд тагнуулын мэдээн дээр үндэслэн баттай тогтоосон байжээ.


Галкайог шөнө дунд тэнгисийн муурнууд довтолсон бөгөөд Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Литтлийн мэдээлснээр 60 орчим зэвсэгт этгээдүүд тэнд байрлаж байжээ. Улмаар тусгай ажиллагааны явцад есөн зэвсэгт дээрэмчид амиа алдсан ба үлдсэн нь суурингаас гарч зугатсан байна.
Тэнгисийн муурнууд хохирол үзээгүй бөгөөд Жессика Бучанан, Пул Тистед нарыг амжилттай сулламагц нисдэг тэрэгтээ суун Улаан тэнгисийг зорьсон байна.
Ийнхүү барьцаалагдагсдыг чөлөөлөх тусгай ажиллагаа амжилттай болсон талаар тэр даруйд нь Пентагоноос мэдээлэл хийж улмаар Данийн телевизүүдээр шуурхай мэдээ цацсанаар одоо энэхүү тусгай ажиллагааны талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж байна.
[caption id="attachment_55508" align="alignleft" width="304" caption="Барьцаалагдсан хүмүүнлэгийн ажилтнууд"]

[/caption]
Жессика Бучанан, Пул Тистед нарыг суллах тусгай ажиллагаа хийсэн Тэнгисийн муурнуудын зургадугаар салааныхан нь өнгөрсөн онд Пакистаны нутагт Осама бин Ладеныг үүрэнд нь устгах ажиллагааг гардан хийсэн тусгайгийнхан аж.
Ингэснээр тэнгисийн муурнуудын зургадугаар салааныхны дуулиан дахин дэгдэж байна.
Тэднийг тэргүүн зэрэглэлийн ажиллагааг өчүүхэн төдий ч алдаагүй нарийн тооцоотойгоор гүйцэтгэгсэд хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Аль Каидагийн толгойлогч Осама бин Ладенг устгасныхаа дараа мэдэгдсэн байдаг.
Одоогоор суллагдсан хоёр иргэний нэгийх нь биений байдал тааруухан байгаа ч амь насанд нь аюулгүй гэнэ. Тусгай ажиллагааг амжилттай дуусгавар болгосны дараа хамгийн түрүүнд тусгай шугамаар ерөнхийлөгч Обамад дуулгасан байна.
Ерөнхийлөгч ч энэ ажиллагааны талаархи мэдээллийг өөрт нь хамгийн түрүүнд дуулга хэмээн Пентагонд тушаасан ажээ.
Дани улсын элчин сайд АНУ-ын Төрийн департамент болон тэнгисийн муурнуудад хандан өөрийн зүгээс болон Данийн иргэн Пул Тистедын ар гэрийнхний зүгээс талархал хүргэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ