
Өнөөдөр Жозе Моуриньогийн төрсөн өдөр. Дэлхийн хөлбөмбөгийн түүхийн одоо цагийн гайхамшгийг бүтээлцэж яваа энэ португали эрхмийг “Онцгой нэгэн” хэмээдэг.
Эль Классико хэмээн нэрлэгддэг ногоон талбайн агуу тулааныг үүсгэдэг Испанийн хоёр клубын нэгэн болох Реал Мадридын дасгалжулагч тэрбээр өнөөдөр 48 насыг зооглож байгаа аж.
Сэр Алекс Фергусоны дараа Манчестер Юнайтедын боссын суудлыг залгамжлах хамгийн боломжит онцгой нэгэн хэмээн түүнийг мэргэжилтнүүд үздэг.
Тэрбээр хөлбөмбөгт 1980 оноос эхлэн хамааралтай болсон ба 2000 оноос Португалийн Бенфика клубын дасгалжуулагчийн албыг хашиж эхэлснээр түүний карьер эхэлсэн гэдэг. Улмаар 2002-2004 онуудад Портог дасгалжуулж Аваргуудын лигийн аварга хэмээх эрхэм цолыг анх удаа хүртэж байсан түүхтэй.

1980-аад оны дундуур Аваргуудын лигт түрүүлж байсан Портогийн амжилтыг дахин давтуулж чадсаныхаа дараа тэрбээр олон улсын томоохон клубуудын анхааралд орж улмаар Роман Абрамович Челси клубын дасгалжуулагчийн албыг санал болгосноор тэрбээр будант Альбионд ирсэн юм.
Челсид ирсэн даруйдаа тэрбээр клубээ Премьер лигийн аварга болгож амжсан адтай нэгэн. Тэрбээр 2004-2007 онуудад Челсиг дасгалжуулахдаа хоёр удаа Премьер лигт багаа цом өргүүлсэн.
Харамсалтай нь түүний “зөрүүд, муухай ааштай” гэгддэг олны сайн танил зангаас болж багийн удирдлагууд тэр дундаа Роман Абрамович түүнтэй таарахаа больсон тул тэрбээр 2008 онд Английг орхихоор шийдэж улмаар Италид ирсэн юм.
Түүний очсон газар болгонд агуу амжилт дагаж явдаг хэмээн тодорхойлох нь бий.
Үнэхээр ч Челсигийн дараа Интер клубт очсоноос нь хойш клуб нь Италийн хөлбөмбөгийн дээд лиг болох Сери А-д мөн л хоёронтаа түрүүлж, Италийн цомын аварга, Супер цомын аварга болсон төдийгүй дасгалжуулагч хүн бүхний дээд хүсэл болох Аваргуудын лигт дахин түрүүлж гайхалтай амжилт цогцлуулж чадсан нэгэн.
Жозе Моуриньогийн ээлжит буюу одоогийн зогсол нь 2010 оноос хойш дасгалжуулж буй Испанийн эзэн хааны алдарт Реал Мадрид юм.
Сантьяго Бернабау цэнгэлдэхэд ирсэн Жозе Моуриньог тухайн үед хүчирхэг клубтэй амжилт араас нь дагадаг онцгой дасгалжуулагч нэгдсэнээр Реал Мадридын цаг үе ирлээ хэмээн бичиж байлаа.

Харин сонирхолтой нь түүний дасгалжуулж байсан клубуудээс хамгийн хүчирхэг бүрэлдэхүүнтэй гэгдэх Реал Мадрид олны санасанчлангаар Испанийн лигийн цомуудыг, Аваргуудын лигийн цомтой хамж чадсангүй.
Бүх юм эсрэгээрээ эргэж Жозе Моуриньогийн цомуудын цуврал дууссан мэт цаг мөчүүд өрнөсөөр байна.
Гэсэн ч түүнийг энэ цаг үеийн агуу дасгалжуулагчдын нэг хэмээн хөлбөмбөгийн хорхойтнууд санал нэгтэй баталдаг.
Магадгүй түүний үзүүлэх ёстой амжилт хүчирхэг Барсагийн сүүдэрт дарагдчихсан ч юм билүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ