Он цаг тоологдож, нэгэн шинэ он гарлаа. Он цагийн хуудсанд шинээр эхэлсэн энэ он монголчуудын хувьд чухал сонголтын жил. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлж, парламентын 126 гишүүнийг сонгоно. Энэ сонголтоос ирээдүйн дөрвөн жилийн хувь заяа шууд хамаарна. Өнгөрсөн он жилүүдэд хийсэн сонголтынхоо хал балыг бид хангалттай амсаж, бүтэн хоёр жилийн хугацаанд улсаараа хулгайчийг хайж, хулгайн талаар сонслоо, ярилаа. Энэ байдлыг цааш үргэлжлүүлэхгүйн тулд сонголт мэргэн байхаас гадна хуучин онд үлдсэн асуудлуудыг ч мартах учиргүй.
Нүүрсний хулгай
Энэ улс, энэ парламентын бузар булхай нь нүүрсний хулгай байлаа. Парламентын гишүүд, төрийн өмчийн том компанийн удирдлагууд гээд эрх мэдэлтэй бүхэн нүүрсчин бүр нүүрсний хулгайчаар нэрлэгдэж, өнгөрсөн он жилүүдийг бузар булхай нь илчлэгдэв. Парламентын гишүүдийн бараг тал хувь нь нүүрсчин хэмээн нэрлэгдэж, нэр устайгаа зарлагдсан ч өнөөдөр нэг ч хэрэг шийдэгдсэнгүй. 40 их наяд, 40 сая бүр 4 сая төгрөг байлаа ч улсын, ард түмний өмчийг хулгайчууд хумслах учиргүй. Хулгайн зам татаж, үе удмаараа хумсалсаар өнгөрсөн онтой золгосон байж болох ч үргэлжлэх ёсгүй. Шинэ онд шийдвэрлэх хуучин асуудлуудын хамгийн эхэнд нүүрсний хулгай байх ёстой. Ард түмэнд хүртээгүй байгалийн баялгийн хараал хумслагчдыг тойрох ёсгүй.
Ногоон автобус
Улсын төсвийн 300 гаруй тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн ногоон автобусны хэргийг мартах ёсгүй. Төрийн худалдан авалтын хуудууг илчилж, хуйвалдаан хэрхэн явагддагийг харуулсан энэ хэрэг монголчуудын хувьд том сургамж болж, автобусыг мэрж үзэх нь холгүй шалгадаг болгов. Энэ хэрэгт автобус компанийн удирдлага, нийтийн тээврийн газрын мэргэжилтнүүд,нийлүүлэгч талын хэдхэн хүнийг шалгаж, яллах нь өрөөсгөл. Хариуцсан ажилдаа эзэн болоогүй Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар нар ч хариуцлага үүрэх ёстой. Мөн энэ жилийн сонгуулиар сонгож болохгүй хүмүүсийн жагсаалын тэргүүн эгнээнд ч тэд бичигдэх учиртай.
Газрын наймаа
Өмнөговь аймгийн Ханбогд сумын үе үеийн удирдлагуудын газрын наймааны хэрэг Нүүрсний сонсголын үеэр ил болов. Тэд Үндсэн хууль зөрчиж, нутгийнхаа газрыг зарсан хэргээр шалгагдаж байна. Зөвхөн 2020-2022 онд 457.3 га газрыг гадаадын компаниудад эзэмшүүлсэн нь ил болж, энэ асуудал Үндэсний аюулгүй байдал, төрийн тэргүүний хэмжээнд хүртэл өндрөө авав. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор гадаадын хуулийн этгээд болон иргэнд газрыг зөвхөн ашиглуулахыг зөвшөөрсөн байдаг. Гэтэл нэг сумын удирдлагууд эцэг хуулийг зөрчиж, эх орынхоо газрыг зарсан асуудал хуучин онтой хамт мартагдах учиргүй. Энэ хэргийг эцэслэх нь цаашид олон олон хүнд сургамж болох биз.
Уншиж байна |